Сиднейд хөл хориог сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-07-28 17:43:39

КАНБЕРРА. /BBC/. Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн нийслэл Сидней хотод “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн хэвээр байгаатай холбогдуулан хөл хориог дахин нэг сараар сунгажээ.


Австралийн хамгийн том хот болох Сиднейн оршин суугчид “Дельта” хувилбарын тархалтын улмаас өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээс хойш гэртээ байх журмыг мөрдөж байгаа юм.


Сиднейд өнгөрсөн сараас хойш 2500 гаруй хүнээс халдвар илэрсэн байна. Мөн Шинэ Өмнөд Уэльст лхагва гарагт халдварын 177 тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Үүнтэй холбогдуулан тус мужийн тэргүүн сайд Глэдис Бережиклян, “Халдварын нөхцөл байдлыг харгалзан үзсэний дүнд урьдчилан төлөвлөж байсны дагуу баасан гарагт хөл хориог цуцлах боломжгүй гэж үзлээ” хэмээн мэдэгдсэн байна.


Харин Викториа, Өмнөд Австрали мужийн хувьд халдварын жижиг голомтуудыг хумьсан тул лхагва гаргаас хөл хориог цуцалсан юм.


Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд “эрх чөлөөг” шаардсан жагсаал Сидней, Мельбурн зэрэг хотод өрнөж, эсэргүүцлийн ажиллагаанд олон мянган хүн оролцжээ.


Мөн тэд энэ оны хоёрдугаар сараас эхэлсэн улс орныхоо вакцинжуулалтын хөтөлбөрийг шүүмжилсэн байна. Одоогийн байдлаар, Австралийн насанд хүрсэн хүн амын ердөө 16 хувь нь вакцинд хамрагджээ.


Шүүмжлэгчдийн хувьд вакцинжуулалтын түвшин сул байгааг Засгийн газар “Pfizer”-ийн вакциныг хангалттай татан авч чадахгүй байгаатай холбоотой гэж үзэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ