Парисын гэрээг хэрэгжүүлэхэд европчууд манлайлна

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-08-04 13:07:58

Уур амьсгалын өөрчлөлттэй хийж буй тэмцэлд дэлхийн улс орнуудын дотроос хамгийн түрүүнд буюу 7 дугаар сарын дундуур Европын Холбоо /ЕХ/ бодитой алхам хийлээ. Бензин хөдөлгүүртэй автомашиныг хэзээ хориглох вэ, хэдий хүртэл нүүрс түлэх вэ, хэчнээн мод суулгах вэ гэх мэт бүхий л асуудлыг ЕХ-ны багц хуульд тусгасан бөгөөд хуулийг баталсан тохиолдолд заавал хэрэгжүүлэх ёстой. Гэвч энэ бол тэр даруйдаа шийдэгдэхээр асуудал биш бололтой.

 

Дэлхийн бараг бүх улс орон уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг хүлээн зөвшөөрч, түүнтэй тэмцэхийн тулд Парисын хэлэлцээрийг баталсан билээ. Үүний дараа аль хэдийнэ өнгөрсөн аж үйлдвэржилтийн эрин үетэй харьцуулахад “хорт хийн ялгарлыг олон арван хувиар бууруулна” гэсэн амлалтуудаараа бахархацгааж байна.

 

Харин агаар мандлыг хамгийн ихээр бохирдуулагчдын нэг болох Европын Холбоо өөрийн амлалтыг заавал биелүүлэх ёстой хуулийн эрхзүйн баримт бичигт тусгалаа. Тодорхой хэлбэл, 2030 он гэхэд 1990 онтой харьцуулахад хорт хийн ялгарлыг 55 хувиар бууруулах зорилтыг тавьсан байна. Энэ бол эхний алхам бөгөөд дээрх хууль ойрын үед хүчин төгөлдөр болно.

 

Үүний сацуу ЕХ-ны засгийн газар болох Европын Комисс уг зорилтод хэрхэн хүрэхийг тодорхойлох үүднээс бүхэл бүтэн багц хуулийн төслүүдийг боловсруулжээ.

 

ЕК-ийн тэргүүн Урсула фон дер Ляйен хэлэхдээ “түүхий эдэд суурилсан эдийн засаг үеэ өнгөрөөжээ. Амьдрахад таатай гараг дэлхийг бид дараагийн үеийнхэндээ үлдээхийг хүсэж байна” гэв. 2050 он гэхэд нүүрстустөрөгчийн хаягдлыг агаар мандалд цацахыг бүрмөсөн зогсооно гэж Европ тив хамгийн түрүүнд зарлан мэдэгдсэн бол энэ зорилтод хүрэх тодорхой төлөвлөгөөгөө хамгийн түрүүнд танилцуулж байна.

 

“Ногоон өөрчлөн байгуулалт”-ыг хийснээр “учирч буй аюулаас ашиг” хүртэж, ирээдүйдээ бэлтгэх төдийгүй эдийн засгаа сэргээн идэвхжүүлж, технологийн салбарын тэргүүлэгчдийн эгнээнд орж чадна хэмээн ЕХ найдаж байна.

 

Үүний тулд амьдралын хэв маягаа үндсээр нь өөрчлөх шаардлагатай болох тул Европын албаны хүмүүс юу хийхээр төлөвлөж байгаа талаар ВВС агентлагийн тоймч А.Калмыковын бичсэнийг сонирхоё.

 

Юуг хэзээ хориглох вэ?

 

Маршаллын шинэ төлөвлөгөөнд “зөөлөн боов өгөхийн зэрэгцээ ташуурдах” гэсэн хоёр аргыг хослуулан хэрэглэхээр тусгасан байна. ЕХ стандартуудаа улам чангатгаж, бизнесийн салбарыг “ногоон” болгож, “бохир, ногоон бус” бизнесээс олсон ашгаасаа хуваалцахыг бизнес эрхлэгчдээс шаардахаар төлөвлөж байна. Үүний тулд төрөл бүрийн татвар хураамж болон хаягдлын квот ногдуулахад бэлэн болжээ. Зөөлөн боов буюу зөөлөн арга нь ногоон бизнес эрхэлж буй компаниудад татварын хөнгөлөлт үзүүлж, татаас олгохоос гадна цэвэр технологи ба цэвэр үйлдвэрлэлд төрөөс дэмжлэг болгож хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснийг хэлж байгаа юм. 

 

Багц хууль дахь хамгийн ихээр анхаарал татсан зоримог шийдэл бол 2035 оноос эхлэн бензин болон дизель хөдөлгүүртэй автомашин худалдахыг хориглох тухай заалт юм. Түүнчлэн  иргэдэд цахилгаан автомашин худалдан авах сонирхол төрүүлэхийн тулд холбооны гишүүн бүх 27 улсын нутаг дэвсгэрт цахилгаан автомашин цэнэглэх станцуудын сүлжээ байгуулахыг хуульчилснаар 60 км тутамд нэг цэнэглэгч станц барихаар төлөвлөжээ.

 

Хаягдлын гол үүсвэр болох хуурай замын тээврийн салбар аль хэдийнээс байгальд ээлтэй “ногоон загвар” руу шилжиж байгаа билээ. Харин одоо ЕХ үүнийг улам өргөжүүлж, цахилгааны эх үүсвэр байхгүй гэх шалтгаанаар “ногоон” болохоос хойш сууж буй агаарын ба далайн тээврийн салбаруудыг ногоон замд хүчээр оруулах гэж байна.

 

Одоохондоо цахилгаан хөдөлгүүртэй нисэх онгоц, галт тэрэг үйлдвэрлэх санаа зохион бүтээгчдийн компьютерт л байгаа энэ үед ЕХ уг чиглэлд хэрэгжих арилжааны төслүүдийг хаягдал хийд ногдуулах татварын бодлогоор дэмжихээр шийджээ. Агаарын тээврийн компаниуд болон далайн тээвэрлэгчид ийм төрлийн татвар хураамжаас өнөөг хүртэл чөлөөлөгдсөөр ирсэн бол хамгийн ихээр утаа ялгаруулдаг үйлдвэр заводууд, эрчим хүчний салбарынхан л уг татварыг төлж байгаа билээ.    

Харин одоо хаягдлын квотыг бүх салбарынхан, тэдний дотор барилгачид, тээвэрчид, тэр ч бүү хэл халаалт авдаг бизнес-төвүүдийн эзэд хүртэл төлөхөөр болж байна. Тэр дундаа агаарын тээврийн компаниудад Европын Комисс давхар цохилт өглөө. Хаягдлын квотоос гадна нисэхийн компаниуд онгоцны керосин түлшинд татвар төлөхөөр ёстой болж байна.

 

Энэ бол бизнес эрхлэгчдийн хувьд нэмэлт зардал болсноор бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг өсгөж, өрсөлдөх чадварыг нь бууруулна. Гэтэл гадаадын бусад улсад дэлхийн дулааралтай холбоотойгоор шинээр дүрэм журам гаргах, төлбөр ногдуулахаар төлөвлөсөн зүйл огт алга. Ийм нөхцөл байдалд бизнесийн салбараа дампууруулахгүйн тулд ЕХ-ныхон стандарт доогуур улс орнуудаас нийлүүлж буй бараанд нүүрстөрөгчийн тусгай татвар ногдуулахаар шийдвэрлэжээ.  

 

Ийм татварын талаарх яриа хөөрөө нэлээд эртнээс өрнөж байгаа юм. Энэ нь юуны түрүүнд Европт эрчим хүчний багтаамж ихтэй бүтээгдэхүүн нийлүүлдэг Орос, Украин, Энэтхэг, Хятадын худалдааны түншүүдийг хамгийн ихээр гонсойлгож байна. 

 

Хуулийн багц төсөлд зөвхөн Европын албаны хүмүүсийн хүсэл мөрөөдөл тусгагдсан гэж ойлгож болохгүй. Энэ бол хүнд хэцүү яриа хэлэлцээний үр дүн мөн. Гэсэн хэдий ч санал болгож зүйлс нь заавал хэрэгжүүлэх үүрэг болох хүртлээ амаргүй замыг туулах болно.

 

Уг багц хуулийн төслийг ЕХ-ны гишүүн бүх 27 улсын лоббистууд, бизнесийнхэн, улстөрчид, байгаль хамгаалах хөдөлгөөний идэвхтэнүүдтэй хамтран хэлэлцжээ. Одоо төслүүдийг бүх ард иргэдээр хэлэлцүүлэх бөгөөд ЕХ-ны гишүүн орнуудын хагас тэрбум иргэдийн хэн нь ч өөрийн саналыг хэлэх боломжтой.


“Энэ бүхэн тун амаргүй байх болно. Энэ тал дээр надад ямар нэгэн эргэлзээ алга” гэж Европын Комиссын дэд ерөнхийлөгч Франц Тиммерманс хэллээ.

 

Бүгдээрээ сэтгэл дундуур

 

Хэрэгжүүлэх гэж буй шинэчлэлийг байгаль хамгаалагчид “хагас дутуу алхам” гэж үзэж байгаа бол ард иргэд ба бизнесийхэн шинэчлэлийн төлөө мөнгөө өгөхдөө дурамжхан байгаа. Тэр тусмаа цар тахал ба хямралын улмаас мөнгөгүй болчихсон байгаа үед шүү дээ.

 

Өөрсдийг нь гадаадын өрсөлдөгчдөөс хамгаалаасай аж үйлдвэр, эрчим хүчний салбарынхан, агаарын тээврийн компаниуд хүсэж байгаа бол уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь амин чухал асуудал мөн үү гэдэгт ард иргэд эргэлзэж байна. 

 

Европын амьдралыг өөрчлөн байгуулах нь аливаа зүйлийг засахтай адил зардал ихтэй ажил. Гэхдээ үр дүнд нь тэнд амьдрахад илүү аюулгүй, илүү ая тухтай болно гэдгийг улстөрчид батлан хэлж байна. “Ногоон” эдийн засаг нь шинээр ажлын байруудыг бий болгож, Европ тивийг тэргүүний технологийн салбарт манлайлагчдын эгнээнд оруулна.

 

Гэхдээ үүний тулд эхлээд бүгдээрээ халаасаа гөвөх хэрэгтэй болох нь. Дизель хөдөлгүүртэй хуучин биш машинаа хямдхан зарж, оронд нь өндөр үнэтэй цахилгаан автомашин худалдан авах, гэрэл цахилгаан ба хийн хэрэглээ, мөн галт тэрэг, нисэх онгоцоор зорчиход өмнөхөөс илүү их мөнгө төлөх нь. 

 

Энэ бол тун хэцүү зорилт, учир нь, бүх хууль нийт Европ даяар хэрэгжих ёстой учраас тэдгээрийг ЕХ-ны гишүүн 27 улс бүгд дуу нэгтэйгээр дэмжих ёстой. Гэтэл улс орон бүрт өөр өөрийн гэсэн асуудал, онцлог бий. Герман юмуу эсвэл Нидерландад гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчдийн дуу хоолой хүчтэй цуурайтдаг бол Грек, Болгар, Францын улстөрчид ногоон ирээдүйд шилжихийн тулд их хэмжээний зардал гаргахыг сонгогчдоороо дэмжүүлэх гэж маш их зүдэрдэг.

Францад ган болсон нь 


Сүүлийн жилүүдэд Европт болж буй үйл явдлуудыг ажвал, эсэргүүцлийн ажиллагаа ба улс төрийн сэдвийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид дангаараа тодорхойлдог гэж хэлж боломжгүй. Ногоон эдийн засагт шилжихийг хүсэхгүй байгаа эсвэл ийм шилжилтийн төлбөрийг дийлэхгүй байгаа хүмүүс машиныхаа тээшнээс шар хантаазаа гаргаж өмсөөд дээрх эсэргүүцэгчдээс дутахгүйгээр эрх баригчдад нөлөөлж чадна.  


Энэ бол зөвхөн иргэдийн тухайд шүү дээ. Тэдэн дээр том бизнесийнхэн нэмэгдэнэ. Airbus, Volkswagen, Eni гэх мэт том компаниудын байр суурь байгаль хамгаалах Extinction Rebellion гэдэг хөдөлгөөний идэвхтнүүдийн дуу хоолойноос дутахгүй сонсогддог. Учир нь, эдгээр компани бол хамгийн том татвар төлөгчид бөгөөд заримдаа улс төрийн намуудыг ивээн тэтгэдэг нь нууц биш. Том компаниудын ихэнх нь аль эрт “ногоон өөрчлөн байгуулалт”-тай эвлэрсэн төдийгүй үүнд талархалтай ханддаг, гэхдээ компани бүр л татварын хөнгөлөлт, хойшлуулалт эдэлж, татаас авахыг хүсч байгаа шүү дээ.  

 

Өргөн барьсан хуулийн төслүүд илэрхий хасаж танагдсаар хууль болон батлагдахаас өмнө дахиад олон сарын турш үргэлжлэх ширүүн мэтгэлцээн, хөшигний ар дахь толхилцоон, зууралдсан далд тэмцэл сөргөлдөөн Европ тивийг хүлээж байна.

 

Б.Адъяахүү

Эх сурвалж: ВВС 

Холбоотой мэдээ