“Ховд" зочид буудал шинэчлэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 17:41:09

Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа болон н.Гэрэлт-Од н.Жигдбаяр нар 2013 онд хувь хүнээс тус буудлыг худалдан авч засвар шинэчлэлийн ажлыг хийж өнөөдөр цоо шинэ Ховд зочид буудал дахин шинээр үүд хаалгаа нээж, ёслолын тууз хайчиллаа. 

"Ховд" зочид буудал нь орчин үеийн стандартад нийцсэн шинэ шийдэл загвар дизайн бүхий өрөө тасалгаа, хана таазны өнгө будагны тухайд ч үйлчлүүлэгчдийн сэтгэл санаанд тохирсон тав тухыг эрхэмлэсэн, 30 гаруй өрөөтэйгээс гадна хурлын өрөө, Саун, Фитнес, Ресторан, Караоке гээд олон төрлийн үйлчилгээг иргэдэд давхар үзүүлэх боломжтойгоороо давуу талтай юм.

Ховд хотын төвд гундуухан төрхтэй, хотын үзэмжээс чангааж байгаа гэх шүүмж хүртээд байсан Ховд зочид буудал Ховдын төлөө сэтгэл зүрхтэй залуусын хүчээр дахин шинэчлэгдлээ.

“Ховд" зочид буудал нь одоогоос 55 жилийн өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сүндэрлэн босч үүд хаалгаа нээж байсан түүхтэй юм.

Харин 1990 оны өмч хувьчлалын үеэр хувьд гарч улмаар олон эзний гар дамжсан боловч гандаж муудан ханхай хоосон байсаар олон жилийн нүүр үзсэн юм. Ховд зочид буудал  эдэлгээнд орж нуралт цууралт ан цав үүссэний улмаас мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарч 2012 онд үйл ажиллагааг нь бүр мөсөн зогсоосон юм.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд