"Маскаа зүүцгээе" аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-08-14 13:53:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэд олон нийтийг эрүүл мэндээ хамгаалах хандлагыг дээшлүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд "Маскаа зүүцгээе" аяныг 10 дугаар сарын нэгэн хүртэл зарлалаа.

Коронавируст халдвар (КОВИД19)-өөс сэргийлэх гол арга нь маск зүүх бөгөөд дэлхий нийтээр хэрэглэж буй энгийн бөгөөд үр дүнтэй энэхүү аргыг хүн бүр хэвшүүлэхийг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссийн дарга Д.Мөнхсайхан нийт иргэд, олон нийтэд уриалж байгаа юм.

Аймгийн хэмжээнд сүүлийн хоёр сарын хугацаанд коронавируст халдварын тархалт нэмэгдэж, өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 3880 болоод буй. Амны хаалтаа тогтмол зүүж хэвших, дархлаажуулалтанд идэвхтэй хамрагдах нь халдварын тархалтыг бууруулах өндөр ач холбогдолтойг албаныхан хэлж байна. Мөн сургууль цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбоотойгоор иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа энэ цаг үед халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах, амны хаалтыг тогтмол зүүх хэрэгтэйг мөн сануулав.

Холбоотой мэдээ