Иргэдийн санал хүсэлтийг нээлттэй, ил тод шийдэх систем хөгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-18 10:57:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хот, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний нэгдсэн хяналт удирдлагын UB ENGINEERING системийн сургалт үргэлжилж байна.


Энэ системийг хэрэглээнд нэвтрүүлэхээр эхний ээлжид нийслэлийн 35 байгууллагын 130 орчим инженер, техникийн алба хаагчдад системийн танилцуулга сургалтыг явуулж байна.


Улаанбаатар хотын инженерийн хангамжийн зарим байгууллага мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлж, байгууллагынхаа үйл ажиллагаанд мэдээллийн сангийн дэвшилтэт технологи ашиглаж байгаа ч нэгдсэн зохион байгуулалтгүй аж. Энэ нь нийслэлийн нутаг дэвсгэрт хийж буй тохижилт, бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтцийн ажлууд уялдаа холбоогүй болоход нөлөөлдөг. Мөн улс, нийслэлийн өмч, хөрөнгө үнэгүйдэх, ажил удаашрах, иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл, чирэгдэл учруулах, төрийн байгууллагаас үзүүлэх ажлын үнэлэмж багасах нөхцөл бүрдүүлдэг.


Харин UB ENGINEERING системийг бий болгосноор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн болон бусад чиглэлийн 507 байгууллага, 1245 СӨХ-ны 16 мянган инженер, техникийн ажилтан, алба хаагчдыг хамруулан, нэгдсэн удирдлагаар хангана. Ингэснээр хот нийтийн аж ахуйн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэх, мэдээлэл олж авах сувгийг нээлттэй, хүртээмжтэй, ил тод болгох давуу талтай юм.


Улаанбаатар хотын ЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж “UB ENGINEERING системийн тусламжтай төрийн байгууллагууд хоорондоо нэгдэж, уялдаа холбоотой ажилласнаар иргэд, аж ахуй нэгжид аливаа хүнд суртал үүсгэхгүй, мэдээллийг хурдан шуурхай, хүртээмжтэй, ил тод солилцох боломж бүрдүүлнэ. Гол нь цахимаар асуудлаа хэлэлцдэг, ил тод шийддэг байх нь чухал” хэмээв.




UB ENGINEERING  цогц системийг энэ ондоо нийслэлийн хэрэгцээнд туршилтын журмаар хэрэглэх бөгөөд 2022 оны нэгдүгээр сараас олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар ашиглахаар төлөвлөжээ. Тус систем нэвтэрснээр иргэд хотын нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний талаар санал хүсэлт, өргөдөл гомдлыг цаг тухай бүрд нь системээрээ дамжуулан хүргэх боломжтой. Иргэдийн илгээсэн санал хүсэлтийг системд бүртгэлтэй нийслэлийн 1800 орчим төрийн болон хувийн байгууллага хүлээн авч, хариуцсан холбогдох албаныхан нь цаг алдалгүй шийдэх, эргэн тайлагнах боломж үүсэх аж.

Холбоотой мэдээ