Израилд хүүхдүүдийг эсрэг биетийн шинжилгээнд хамруулж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-08-24 17:27:39

ЙЕРУСАЛИМ. /France24/. Израилд хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж буйтай холбогдуулан вакцинд хамрагдаагүй байгаа хүүхдүүдэд коронавирусний эсрэг хамгаалалт үүссэн эсэх мэдээллийг цуглуулахын тулд гурваас дээш насны хүүхдүүдийг эсрэг биетийн шинжилгээнд хамруулж эхэлжээ.


Хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тархалтын улмаас өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж буйг үл харгалзан Израилын Засгийн газар сургуулиудын сургалтыг зогсоосноос үүдэлтэй хөгжлийн хоцрогдол, хүндрэл бэрхшээлээс зайлсхийхийг эрмэлзэж байна.


Харин 12 болон түүнээс дээш насны хүүхдүүдийн хувьд хэдийнээ вакцинд хамрагдаж эхэлсэн юм.


Үндэсний ийлдэсний судалгаанд вакцинд хамрагдах насанд хараахан хүрээгүй байгаа 3-12 насны 1.5 сая орчим хүүхдийг хамруулахад голчлон анхаарах ажээ.


Боловсролын яамны мэдээлснээр, энэхүү судалгааны зорилго нь бүртгэгдээгүй юм уу далд тохиолдлоор хэчнээн хүүхдэд коронавирусээс хамгаалах хүчтэй эсрэг биет үүссэнийг тогтооход оршиж байна.


Тийнхүү бие махбодод нь хангалттай түвшний эсрэг биет үүссэн хүүхдүүд “COVID-19”-өөр халдварласан өвчтөнтэй ойр байсан тохиолдолд тусгаарлагдах шаардлагагүй болох тул хичээлийн жилийн үеэр учирч болзошгүй саатлыг арилгах зорилготой байна.


Израилын “хамгийн өргөн хүрээг хамарсан ийлдэсний шинжилгээ”-ний талаар танилцуулсан Йерусалим хотын засаг захиргааны мэдэгдэлд тус хотын захирагч Моше Леон хүүхдүүдээ 15 минутын, үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулахыг эцэг эхчүүдэд уриалжээ.


Эргийн Нетаниа хотын нэгэн оршин суугч Зохар ийлдэсний шинжилгээний төвд ярилцлага өгөх үеэрээ, хүүгээ халдвар авсан гэдгийг сонсоод гайхсан гэдгээ хэлсэн байна. “Хүүгийн маань эсрэг биетийн шинжилгээний хариу эерэг гарсан. Тэрбээр өвдсөн бололтой байсан боловч бид энэ талаар мэдээгүй” гэж “AFP” агентлагт мэдээлжээ.


“Ингэснээр миний хүү “ногоон паспорттой” болж, сургуульдаа аюулгүй явах боломжтой болж байна” гэж Зохар ярьжээ. Харин түүний охин дүүгийнх нь ням гарагт өгсөн шинжилгээний хариу эсрэг биетгүй гэж гарсан байна. 

Холбоотой мэдээ