Түдэвтэй сумын нэр бүхий газруудад тарваган тахлын байгалийн голомт идэвхэжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-08-27 17:22:08

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Түдэвтэй сумын иргэн тарваган тахлаар өвчилсөн нь батлагдлаа гэж аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.

-Тарваган тахлаар өвчилсөн нь шинжилгээгээр батлагдсан иргэний биeийн байдал хүнд байна. Өнөөдрийн байдлаар тухайн иргэний нэгдүгээр хавьтлын 9 хүнийг тусгаарлаж урьдчилан сэргийлэх эмчилгээг хийж байна. Тус суманд мэргэжлийн баг ажиллаж, шаардлагатай арга хэмжээг явуулж байгаа. Түдэвтэй сумын Баянцагаан, Хунтын Дөрөлж, Хүнхийн хоолой, Бүргэдтэй, Оргиу гэх газруудад тарваган тахлын байгалийн голомт идэвхжиж хүний өвчлөл бүртгэгдсэн. Тиймээс тарваган тахал өвчний байгалийн голомттой бүс нутагт тарвага агнахгүй байхыг иргэдэд анхааруулж байна. Мөн иргэдийг тарваганы арьс, түүхий мах, эд эрхтэнтэй харьцахгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв. 

Холбоотой мэдээ