9 сумын үйлдвэрлэгч бүлгүүдэд тоног төхөөрөмж гардуулан өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-08-27 20:14:52

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн үйлдвэрлэгч бүлгүүдэд 89 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардууллаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-Европын холбооны санхүүжилтээр “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын хэрэгжүүлж буй “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслөөс өнөөдөр үйлдвэрлэгч бүлгүүдэд тоног төхөөрөмж гардууллаа. Тоног төхөөрөмжүүдийг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, “Дэлхийн зөн” ОУБ-ын Завхан нэгдсэн хөтөлбөрийн менежер Ц.Амгалан нар гардуулан өглөө. Тухайлбал, Улиастай, Ургамал, Алдархаан, Шилүүстэй, Отгон, Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул сумын үйлдвэрлэгч бүлгийн гишүүдэд талх нарийн боов, мужаан, гутал, ноос, оёдлын нийт 89 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм.

 

Энэ онд 9 суманд 21 үйлдвэрлэгч бүлгийг байгуулжээ

“Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд дараагийн ээлжид 100 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөөд байна.

Дээрх төсөл нь тус аймгийн 12 суманд дөрөв дэх жилдээ хэрэгжиж байгаа. Энэ онд 9 суманд 21 бүлэг байгуулж, гишүүдийг нь мэргэжлийн сургалтуудад хамруулаад буй. Үйлдвэрлэгч бүлгийн гишүүд бүх шатны сургалтад хамрагдаад зогсохгүй шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаж байна. Мөн тогтмол ажлын байр, орлоготой болж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмрийг оруулсаар байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 








Холбоотой мэдээ