Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого 14.1 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-06 11:44:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого 2021 оны эхний хагас жилд 748.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 92.5 (14.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.


Үүнд шуудангийн үйл ажиллагаанаас олсон орлого 4.8 (40.6 хувь) тэрбум, цахилгаан холбооны бусад үйлчилгээнээс олсон орлого 14 (35.1 хувь) тэрбум, утасгүй холбооны үйлчилгээнээс олсон орлого 64.8 (17.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Түүнчлэн, мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого энэ оны хоёрдугаар улиралд 398.2 тэрбум төгрөг болж, өмнөх улирлынхаас 47.9 (13.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.


Суурин утасны цэгийн тоо энэ оны хоёрдугаар улиралд 309.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (0.4 хувь) мянган цэгээр нэмэгдлээ. Үүнд төвийн бүсийн суурин утасны цэг 810 (3.8 хувь)-аар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Кабелийн телевиз хэрэглэгчид энэ оны хоёрдугаар улиралд 943.1 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 42.4 (4.7 хувь) мянган хэрэглэгчээр нэмэгдэв. Ийнхүү нэмэгдэхэд Улаанбаатар хотод 22.1 (45.9) мянга, Орхон аймагт 6.2 (22.3 хувь) мянга, Хөвсгөл аймагт 4.6 (16.1 хувь) мянга, Дархан-Уул аймагт 3.3 (15.7 хувь) мянган хэрэглэгчдээр өссөн нь нөлөөллөө.


Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчид энэ оны хоёрдугаар улиралд 4.5 (давхардсан тоо) сая болж, өмнөх оны мөн үеийнхээс 64.5 (1.5 хувь) мянган хэрэглэгчээр нэмэгдсэн байна. Үүнд нийслэлд 33.8 (65.8 хувь) мянга, Баян-Өлгий аймагт 11.7 (11.7 хувь) мянга, Ховд аймагт 8.2 (8.4 хувь) мянга, Дархан-Уул аймагт 7.8 (6.8 хувь) мянга, Увс аймагт 6.9 (7.3 хувь) мянган хэрэглэгчдээр нэмэгдсэн нь нөлөөлөв.

Интернэт хэрэглэгчдийн тоо энэ оны хоёрдугаар улиралд 4 сая болж, үүнээс үүрэн холбооны хөдөлгөөнт өргөн зурвасын хэрэглэгч 3.6 сая, гэрээт интернэт хэрэглэгчид 343.3 мянга байна.


Нийт шуудан, илгээмжийн хэмжээ дээрх хугацаанд 3 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 сая ширхгээр (37.3 хувь) багаслаа. Үүнд дотоодын шуудан, илгээмж 1.8 сая (39 хувь), улс хоорондын гарах шуудан, илгээмж 4.3 мянга ширхэгээр (9.3 хувь) багассан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 


Шуудангийн үйлчилгээний салбар энэ оны эхний хагас жилд 496 мянган ширхэг бичиг, захидал, 152.7 мянган ширхэг боодол, 251.8 мянган ширхэг илгээлт, 107 мянган ширхэг буухиа, 341.7 мянган ширхэг бизнес захидал, 87.6 мянган ширхэг гибрид шуудан, 11.5 мянган ширхэг цахим худалдааны илгээмж, 1.6 сая ширхэг тогтмол хэвлэлийг хэрэглэгчдэд хүргэжээ.


Холбоотой мэдээ