Аврагчид таван иргэний амийг авран хамгаалжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төв рүү зорчиж явсан 5 зорчигчтой “УАЗ-469” маркийн тээврийн хэрэгсэл Ховд голын усанд осолдсон тухай дуудлага Онцгой байдлын газарт энэ сарын 5-нд иржээ.
Тус дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг хүрэлцэн очиход “УАЗ-469” маркийн суудлын автомашин хавцлын зассан замаар уруудаж байгаад жолооны механизм гацаж, 15 метрийн өндөр далангаас унаж, Ховд голд 10 метр урсаж, хажуугаараа тээглэн зогссон байдалтай байжээ.
Аврагчид шуурхай ажиллаж, 3 том хүн, 2 хүүхдийг аюулгүй газарт эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Аврах ажиллагаа явуулахад “Ховд” голын усны
урсгалын хурд 2.5 м/с, гүн нь 1.5 метр, голын өргөн 115 метр, ёроолын байдал
чулуурхаг, эргийн байдал намагтай байсан байна.