Бэлчээрийн зохистой ашиглалтын талаар туршлагаа хуваалцаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бэлчээрийн үндэсний дөрөв дэх форумыг “Хариуцлагатай нүүдэлчид”, “Тал хээрийн бэлчээр нутгийн экосистемийн тэнцвэрт, нэгдмэл байдлыг хамгаалахын төлөө ажиллаж байна” сэдвээр зохион байгуулж байна.
Монгол орон 110 сая га бэлчээртэй. Байгалийн бэлчээрт
суурилсан мал аж ахуйтай манай орны хувьд бэлчээр хүн бүрд хамааралтай эрүүл мэнд, эрүүл оршихуйн
асуудлыг хөндөж байна.
Швейцарын
хөгжлийн агентлагаас зохион байгуулж байгаа форумын үеэр “Бэлчээрийн зүй
зохистой ашиглалт тал хээр нутгийн экосистемийн үйлчилгээний тэнцвэрт байдлыг
хамгаалахад гүйцэтгэх үүрэг”, “Малчдын
дундын ашиглалтын бэлчээр нутгийг зүй зохистой, хариуцлагатай ашиглах арга
замыг хэрэгжүүлсэн тухай”, “Бэлчээрийн
төлөв байдал, ашиглалтын нөлөөг үнэлэх фотомониторингийн системийг бэхжүүлсэн
нь”, “Өөрчлөгдөж буй дэлхийд
тал хээрийн бэлчээр нутгийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах шинжлэх
ухааны арга зам” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэв.
Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад анх 1999-2000 оны өвөл зудад нэрвэгдсэн малчдад чиглэсэн хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлснээс хойш бэлчээрийн зохистой ашиглалт, зах зээлийн боломж бий болгох, бодлогын таатай орчин бүрдүүлэхэд дэмжиж, малчдын амьжиргааг дээшлүүлэх “Ногоон алт”, “Малын эрүүл мэнд урт хугацааны хөгжлийн төсөл” хэрэгжүүлж, арвин туршлага, сургамж хуримтлуулж, мөн саад бэрхшээлийг хамтдаа туулжээ.
Маргааш үргэлжлэх
“Ногоон алт Малын эрүүл мэнд” төслийн хаалтын үеэр төслийн багийнхан бэлчээрийн зүй
зохистой ашиглалт, мал эмнэлэг, малчдын хамтын ажиллагааны байгууллага,
хоршоодын туршлагаа хуваалцах аж. Мөн
талхлагдсан бэлчээрийн сэргэлт, дундын бэлчээрийн ашиглалт, түүний гэрээний талаар хийж буй
ажлаа танилцуулж, цаашид гарах боломжуудын талаар хэлэлцэнэ. Учир нь төслийн
дүнд манай малчид бэлчээр нутгаа зохистой ашиглахын төлөө нэгдэж хамтын
байгууллага Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоог байгуулаад байгаа.
Малын гаралтай түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгч,
боловсруулалтын компаниудад нийлүүлж шууд ашиг шимийг нь хүртэх
"Хариуцлагатай нүүдэлчин" стандартыг мөрдөж байгаа тухай ч ярилцах аж. Чуулганд малчид, мал
аж ахуйн мэргэжилтнүүд бэлчээр ашиглагчид, малын түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, малын гаралтай түүхий эдээр
бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож, эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэж
буй ХАА-н зохистой дадал, сайн туршлагыг хуваалцахаас гадна дотоод, гадаадын
эрдэмтэн судлаачид бэлчээрийн сэргэлтийн талаарх сүүлийн үеийн судалгааг танилцуулна.