Америкийн “Ододтой бүжиглэе” шоуны шинэ улирлын оролцогчдыг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2021-09-09 15:58:45

ВАШИНГТОН. /CNN/. Америкийн “Ододтой бүжиглэе” шоуны 30 дугаар улиралд оролцох хүмүүсийн дунд Олимпын тамирчин, “Bachelor” цуврал киноны од, “YouTube” цахим хуудсанд зориулан контент бүтээгч, инфлюнсер тэргүүтэй төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс багтжээ.


Тодруулбал, Каунтри дуучин Жимми Аллен, “Spice Girls” хамтлагийн гишүүн Мел Си, “Bling Empire” телевизийн цувралын жүжигчин Кристин Чиу, “The Bachelor” цувралын жүжигчин Мэтт Жеймс, “YouTube”-ийн контент бүтээгч Оливиа Жейд Жаннулли, жүжигчин Мелона Хардин, “The Talk” шоуны хөтлөгч Аманда Клоотс, жүжигчин Мартин Кове нар оролцох ажээ.


Мел Си, Кристин Чиу, Мартин Кове, Кениа Мур нар 


Мөн Олимпын алтан медальт тамирчин Суни Ли, мэргэжлийн бөх Майк "Миз" Мизанин, “Real Housewives of Atlanta” телевизийн цувралын жүжигчин Кениа Мур, Пелотон дугуйн спортын зааварлагч багш Коди Ригсби, жүжигчин Брайн Остин Грин, дуучин, “YouTube”-ийн контент бүтээгч Жожо Сива, мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин Иман Шумперт нар уг бүрэлдэхүүнд багтсан байна. 


Ж.Сивагийн хувьд шоуны түүхэнд анх удаагаа ижил хүйстэй хамтрагчтайгаа бүжиглэнэ. Тэрбээр ЛГБТИ хүмүүсийн нэг гэдгээ нэгдүгээр сард олон нийтэд дэлгэж, хожим нь өөрийгөө пансексуал гэдгээ Америкийн “People” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ ярьсан байна. 


Есдүгээр сарын 20-ноос эхлэн “ABC” телевизээр цацагдах “Ододтой бүжиглэе” шоуны шинэ улирлыг Америкийн загвар өмсөгч, хөтлөгч, жүжигчин Тайра Бэнкс хөтлөх бол Английн мэргэжлийн бүжигчин Лен Гудман, Америкийн мэргэжлийн бүжигчин Дерек Хаф, Америкийн бүжигчин, жүжигчин, дуучин Кэрри Энн Инаба, Италийн бүжигчин Бруно Тониоли нар шүүх ажээ. 

Холбоотой мэдээ