БНХАУ, Монгол Улс хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-09-17 15:05:27

ДУШАНБЕ. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нар Тажикистаны нийслэл Душанбе хотноо пүрэв гарагт уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцлоо.


Уулзалтын үеэр Ван И, уул усаар холбогдсон найрсаг хөрш хоёр орны харилцаа эрчтэй хөгжсөөр байгааг онцлон тэмдэглээд, сайн хөршийн бодлогыг баримталсаар ирсэн манай улс эдийн засгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулахад нь Монгол Улсад үргэлжлүүлэн тусламж үзүүлэхэд бэлэн байна хэмээн хэлэв.


Тэрбээр хоёр орон бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндсэн ашиг сонирхол, тулгамдсан асуудлуудыг харилцан хүндэтгэж, хоёр талын харилцааг тогтвортой, эрчтэй хөгжихөд улс төрийн баталгаагаар хангах хэрэгтэйг мөн цохон тэмдэглэжээ.


Мөн БНХАУ “COVID-19” цар тахалтай тэмцэх чиглэлд гаргаж буй Монгол Улсын хүчин чармайлтыг тууштай дэмжиж, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хоёр талын хамтын ажиллагааг тасралтгүй ахиулж, хамтын ажиллагааны илүү өргөн боломжийг бий болгоно хэмээн Ван И хэлээд, бид Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг дэмжиж байна гэв.


Үүний хариуд С.Амарсайхан, БНХАУ нь Монгол Улсын сайн хөрш, түнш гэдгийг цохон тэмдэглэв. Тэрбээр Хятадын тусламж дэмжлэгийн хүчинд Монгол Улс цар тахлын туйлын хүнд нөхцөл байдлаас аажмаар гарч буйг дурдаад, цар тахалтай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулсанд, ялангуяа өндөр чанартай вакцинаар хангасан явдалд гүнээ талархал илэрхийлжээ.


Мөн Монгол Улс БНХАУ-ын үндсэн ашиг сонирхлоо хамгаалах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг тууштай дэмжиж, бие биеийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхийн сацуу Хятад улстай эдийн засаг, худалдаа, боловсрол, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буйг нэмж хэлэв.  


Тэрбээр үргэлжлүүлэн, цаашид хоёр орон дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалж, хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд ахиулж, ард түмэн хоорондын найрамдалт харилцааг улам бэхжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. 

Холбоотой мэдээ