Шүлхий өвчний байдалд эрсдэлийн үнэлгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-09-20 22:35:49

Баянхонгор /МОНЦАМЭ/. МЭЕГ-ын Хяналт шинжилгээ, эрсдэлийн үнэлгээний газрын дарга Б.Болдбаатараар ахлуулсан ажлын баг Баянхонгор аймагт ажиллаж байна. Ажлын баг Мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, мал сүргийг урьдчилан сэргийлэх дархлаажуулах ажлын багт мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, хяналт эрсдэлийн үнэлгээ хийж байгаа юм.

Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Засаг даргын орлогч Б.Батсуурь нар өнөөдөр ажлын багийнхантай уулзаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцон, цаашид хэрхэх талаар зөвлөлдлөө.  

Баянхонгор аймгийн 7 суманд шүлхий өвчин голомтлон гарах үндсэн шалтгаан нь баруун аймгаас худалдааны саалийн мал оруулж ирсэн, зүүн аймгаас отор нүүдлээр орж ирсэн зэрэг нь тогтоогдоод байна. Нөхцөл байдлаас үүдэн аймгийн Засаг дарга захирамж гарган малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хориглоод байгаа юм. Гэвч манай зарим малчид нүүж суусан, айлд мал нийлүүлсэн зэрэг зөрчлүүд гаргаж байгаа тул тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын туслалцаа, сум орон нутгийн зохион байгуулалтыг сайжруулах нь зүйтэй гэж үзэв. 

Мөн анхааруулаад байхад зөрчил гаргасан зарим малчдыг хариуцлагажуулах нь зүйтэй гэдгийг МЭЕГ-аас томилогдож ирсэн ажлын багаас аймгийн ажлын хэсэгт зөвлөлөө.  

Голомтот болон эрсдэлт бүсэд байгаа мал сүргийг дархлаажуулах ажил үр дүнтэй явагдаж байгаа бөгөөд 10 дугаар сарын 1-ний дотор төлөвлөсөн хүрээндээ нийт 1.2 сая толгой малыг шүлхий өвчний эсрэг вакцинд бүрэн хамруулж, энэ хугацаанд малын шилжилт хөдөлгөөн огт хийхгүй бол Баянхонгор аймаг шүлхийн голомтыг бүрэн хумих боломжтой гэж МЭЕГ-аас томилогдсон ажлын багаас дүгнэжээ.

Холбоотой мэдээ