Өнөөдөр - Дэлхийн аялал жуулчлалын өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-27 07:44:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр. НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас санаачлан жил бүрийн 9 дүгээр сарын 27-ныг ийнхүү тэмдэглэдэг. 


ДАЖБ-ын гишүүн 154 орон 1980 оноос, харин Монгол Улс 1990 онд ДАЖБ-ын гишүүн болж, 2007 оноос хойш жил бүр тэмдэглэж байна. 


Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан, МАЖХ-ны Ерөнхийлөгч Д.Гантөмөр мэндчилгээ дэвшүүлж байна.


Мэндчилгээнд, цар тахлын улмаас аялал жуулчлалын үйлчилгээ зогсож, 2019 оны зунаас хойш салбарын үйл ажиллагаа алдагдсаар өдий хүрлээ. Удахгүй сэргэнэ гэсэн итгэл үнэмшил салбарынхны сэтгэлд орших ч коронавирусний тархалт хумигдахгүй, зорчих хил, хөдөлгөөн хязгаарлагдсаар байна. Энэ бүхэнд бууж өгөлгүй, сэтгэл зүрхээрээ хамт байгаа салбарынхаа хамт олноор бахархаж байгаагаа илэрхийлжээ.


Монгол Улсын хувьд цар тахлын улмаас тур оператор компани, олон улсын аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага хамгийн их нэрвэгдэж, үл хөдлөх хөрөнгийн татвараас эхлэн, мэргэшсэн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл, хүний нөөц, хөрөнгө санхүүгийн цохилтод орж байгаа нь харамсалтай. Одоогоор салбарын 88 мянган ажилтны 70 гаруй хувь нь ажлын байргүй болсон байна.


Тэрбээр, мэндчилгээндээ, “Аялал жуулчлалын компани, аж ахуйн нэгжүүд дөрвөн хэлбэрт байгаа нь анзаарагдаж байна. Үйл ажиллагаагаа солонгоруулж орлого олох бүх боломжийг эрэлхийлэн тэмцэж буй хэсэг. Тодруулбал, цахим сүлжээ, сургалт, худалдаа, маркетингийн чиглэлд буюу аялал жуулчлалын хүн хүч, мэдлэг, зах зээлийн боломж туршлагыг бусад салбарт хэрэгжүүлэх гэсэн хэсэг бий. Хоёр дахь нь дотоодын жуулчлал, үйлчилгээний нөхцөл, цахим, дижитал технологид суурилсан шинэ инновац бүтээгдэхүүн туршиж хөгжүүлж буй хэсэг. Гурав дахь нь хүлээлттэй, идэвхгүй, яахаа мэдэхгүй байгаа хэсэг. Харин үлдсэн нь энэ салбарыг түр хийгээд бүр орхижээ.



Улс орнуудын төр засгаас аялал жуулчлалын салбарыг, тухайлбал хувийн хэвшлийг дэмжих бодлого, тусламж нь янз бүрийн шалгуур нөхцөлтэй ч тухайн компанийн бүртгэгдсэн орлого, шимтгэл, татварын түүхэд үндэслэн дэмжиж буйг бид анхаарууштай. Хэдий улирлын хамааралтай гэрээт ажилчин олон, жижиг, бичил аж ахуйн нэгж дийлэнх нь, мэргэшсэн ажилтнаас бүрддэг манай аялал жуулчлалын салбарын дүн мэдээ, хувийн хэвшлийн компанийн санхүүгийн шилэн байдал, даатгал татварын ил тод байдал нь эл салбарт тухайлсан дэмжлэг өгөхөд хүндрэл болж байгааг засаж өөрчлөх ёстой.


Цар тахлын үед МАЖХ, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, гишүүд дэмжигчийнхээ хамтаар төр засаг, салбарын хамаарагч талуудтай олон удаа уулзаж шаардлага, хүсэлт санал явуулсаар байгаа. Агаарын тээвэр, аялал жуулчлалын бодлого, маркетингийн талаар хэрэгжүүлэх ажлын хэсэг удирдамжаар тодорхой үр дүнд хүрч байна. Гэвч төр засгаас үр дүнтэй бодит шийдэл гарахгүй байгаа нь олон шалтгаан, хамааралтайг ойлгож байгаа. Салбарыг сэргээхийн тулд АЖХ-ноос “Аялал жуулчлалын сэргэлт” хөтөлбөр дэвшүүлж холбогдох хууль тогтоомж шийдвэр гаргуулахаар салбарынхан хамтран ажиллаж байна. Хөтөлбөр хэрэгжүүлснээр Монгол нь жуулчны аялах баталгаат орон болох зохицуулалт, сэдлийг тавих, манай орныг зорих жуулчны тоо багасахаас сэргийлэх, санхүүгийн бат механизмтай болгох, аялал жуулчлалын компаниуд хүртээмжит хөтөлбөрт ажиллах, татвар хөрөнгө оруулалтын тааламжит урамшуулал бий болгох юм.


Аялал жуулчлал хөгжих орчин, тааламжит хөрс нь аюулгүй байдал, чөлөөтэй зорчих хөдөлгөөн, баталгаат үйлчилгээ юм. Улс орнууд өвчний тархалтын эсрэг эдийн засгаа, аялал жуулчлалаа сэргээх янз бүрийн оролдлого хийж буй ч шийдэлтэй, даацтай хувилбар гараагүй байна. Улс орнуудын аялал жуулчлалын бодлого нь үйлчилгээний шинэ стандарт, аюулгүй корридор хэсэгчлэл, дотоодын аяллын эдийн засагийн өгөөж, өртөгийн сүлжээний зохицуулалт, татвар даатгал, хөрөнгө оруулалтын таатай орчин, хүний нөөц, аялах газрын тогтвортой байдал, байгаль соёлын нөөц, бизнесийн аюулгүй байдал, маркетинг, сурталчилгааны бодлого, цахим технологийн хувьсгал зэрэг чиглэлд төвлөрч байна” хэмээжээ.


Монголын Аялал жуулчлалын холбооноос өнөөдөр “Гарц шийдэл аялал жуулчлал” хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа.


Манай улс 2019 онд гадаадын 500 мянга гаруй жуулчин хүлээн авч байв. Ингэснээр дотоодын эдийн засагт 670 орчим сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөгийн орлого оруулжээ.



Холбоотой мэдээ