Ц.ДЭЛГЭРМАА: ДОТРООСОО ДУРАНДЪЯ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2021-09-30 20:25:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 


СЭТГҮҮЛЧИЙН ХҮҮРНЭЛ:


Гудамж дүүрэн шаргал навчис. Гишгэлгүй зөрвөл салхи хийсгэн одно, гишгэчихвэл хөндүүрлэж дуугарна. Модод намар болохоор алаглаж харагддаг. Тэднийг навчис л ийнхүү амь оруулдаг шиг санагдана. Удахгүй өвлийн анхны цас унахад моддыг амь оруулсан навчис ихэнх нь сүүдэргүй болдог, хатаж хорчийгоод салхинд бутран унана. Тиймдээ ч “Юутай атаархам бэ! Гоо сайхныхаа оргилд хүрээд л, Унах юм чи, навч минь...” хэмээн японы эртний хайкуд дүрсэлсэн байдаг. Яг тийм намар цагаар би ч бас бусдын адил навчис хөглөрсөн их сургуулийн гудманд одоо ярилцах гэж буй зочинтойгоо анх уулзсан юм. Бид цахимаар мэнд ус мэдэлцэн танилцаж, би номыг нь авахаар болов. Багшийн дээдийн буудал дээр саарал хүрэм, дал мөрөө давуулан асгасан задгай ангир үстэй, гартаа тунарсан хар бэхийг цагаан дээр асгасан зурагтай ном атгаж зогссон, тэр л төрхөнд нь тун зохих шил зүүсэн, жижигхэн нуруутай эгч инээмсэглэн угтаж билээ. Би өөрийгөө дахин танилцуулж, яруу найргийн тухай хэдэн үг солилцон мутрынх нь үсэгтэй анхны номыг нь авч үүргэвчиндээ хийв. Тэр үед надад номоо дурсгасан яруу найрагч эгч “За, нэг ийм хөөрхөн дүүтэй болсондоо баяртай байна” гэж билээ. Намайг сургууль руугаа буцаж эргэхүйд автобусны буудал дээр анх уулзсан шигээ инээмсэглэн гар далласаар хоцров. Тэгж бид танилцахад намар байсан.


Үүнээс хойш найм дахь намартай золгов. Ямар ч мододгүй, навчисгүй, шарлах өвсгүй тийм нүцгэн намрыг би төсөөлж чаддаггүй. Азаар Улаанбаатарт минь тийм нүцгэн намар болдоггүй нь хайр татам. Ийм л өдрүүдийн чөлөөнд найман жилийн өмнөх намар анх танилцсан яруу найрагч эгч “Зүрхэнд агч Намур” шинэхэн шүлгийн түүврээ өлгийджээ. Тэр бол “Тагтаа” хэвлэлийн газрын ерөнхий редактор, яруу найрагч, зохиолч Цагаанчулуугийн Дэлгэрмаа юм. Тэрээр “А тэмдэглэл”, “Дотоод тэнгис”, “Зүрхэнд агч Намур” шүлгийн түүврээс гадна “Баавгай нэртэй шувуу, Бархас охин хоёрын түүх” хүүхдийн тууж, “Хөх мэдрэхүй” яруу найргийн хамтын цоморлиг тус тус хэвлүүлжээ. Мөн олон арван номын уран зохиолын редактораар ажилласан юм. Ингээд уншигч таныг урьж байна.

 

 

НАМРЫН САЛХИНЫ ҮГ

/нэгдүгээр хэсэг/


Амур гэх шиг Намур
Амьдар гэх шиг улирал
Зүүдэн бүүдэн өдрүүд дундах
Зүрхэнд агч Будда мэт улирал...

Ц.Дэлгэрмаа


-НАДАД ҮГ, ДЭВТЭР, ҮЗЭГ ГУРАВ Л БАЙЛАА-


-Хамгийн сүүлд “Зүрхэнд агч Намур” шүлгийн түүврээ гаргасан. Яагаад намар гэж?


-Би намар төрсөн, намрын хүн л дээ.


-Тэгээд л болоо гэж үү?


-Яахав олон л юм бий. Тэр бүгдийг яриад суучихвал дуусахгүй шүү дээ.


-Би ч мөн энэ яриаг тийм хурдан дуусчихаасай гэж хүсэхгүй л байна шүү...


-За тэгвэл ахин эхэлье. Би намрын хүн л дээ. Яахав гол учир нь үүнд үгүй ч байж мэднэ. Хамгийн сүүлд “Дотоод тэнгис” шүлгийн түүврээ хэвлүүлснээс хойш долоон намар улирчээ. Шинэхэн хэвлүүлсэн “Зүрхэнд агч Намур” түүвэрт 90-ээд шүлэг орсон. Гэвч цаана нь бас хорь гаруй шүлэг шигшигдээд үлдчихэж. Тэгэхээр долоон жилийн хугацаанд чамлахааргүй л их шүлэг бичсэн бололтой. Түүнийгээ ч ном болгох төлөвлөгөөгүй байсан. Яахав, бичмээр санагдсан үедээ бийрлэчихээд л явж байлаа. Тэгээд ч уран бүтээлч, яруу найрагч байхаас илүүтэйгээр амьдрах гээд хичээж явсан юм. Харин сүүлийн хоёр жил өөрийгөө басхүү бичсэн юмаа анзаарч эхэлсэн. Тэгтэл шүлгүүд маань нэг томоохон утга санаанд зангидагдсан, нэлээдгүй цогц агуулгатай, нэг үеэ бодвол бичиж байгаа найрагч нь гайгүй төлөвшчихсөн юм шиг санагдсан. Үнэхээр уран зохиол, яруу найргаар хувь хүн өөрийн гэсэн үзэл санааг илэрхийлж болдог “Энэ шүлгүүд л намайг бүрэн тодорхойлох юм байна” гэж бодсон. Жаахан хэлтийлгээд харвал дорнын өнгө аяс нэвт шингэсэн, бүр нэг монгол маягийн шүлгүүд өөрт уншигдаад байлаа. Тэгээд номоо гаргахаар шийдэх мөчид гадаа намар болж байв даа. Цаг хугацааны хувьд ийм л юм.


Харин хүн өөрөө төлөвшинө гэдэг маань илүү, дутуугаа гээгээд яг л намрын жимс боловсрохтой адил санагддаг. Тиймээс ч өөрийнхөө яруу найргийг, түүнд агуулагдаж буй үзэл санааг намрын улиралтай жишиж болмоор мэдрэмж төрсөн гэх үү дээ. Ер нь бол энэ номыг зөвхөн өөртөө зориулж гаргасан. Намар гэдэг нь “би өөрөө юм” гэдэг утга агуулагдсан учраас “Зүрхэнд агч Намур” гэж нэрлэсэн. Номныхоо нэрэнд тун сэтгэл хангалуун байгаа.


-Үзэл санааны хувьд нэгэн цогц, бүхэллэг чанар тээсэн гэлээ. Ямар үзэл санаа вэ?


-Хүн гэдэг нийгмийн амьтан. Үүнээс дөлж, өөрийгөө зугтаалгадаг байлаа ч холдож чадахгүй. Тэр утгаар гучин нас гэдэг бол хүн нийгэмд жинхэнээсээ бие даан аж төрөх нас болов уу гэж санадаг. Гэтэл яг түүнтэй зэрэгцээд дунд насны хямрал тохиох нь бий. Сэтгэл зүйн үүднээс аваад үзвэл хүн бүрт л тохиодог байх. Гол нь гуч гарчихсан, хориод насыг бодвол амьдралд үүрэх ёстой хариуцлага нь нэмэгдсэн байх амьдралын хүнд хэцүү эргэлтүүд ар араасаа цувран гарч ирэхэд хүн маш их хямарч, цөхөрдөг юм билээ. Амьдрал мэдээж хүнд олон сорилт бэлдсэн байдаг. Харин зарим нэг хүнд арай л ихийг бэлдэж тавьсан байдаг юм уу, эсвэл надад л тэгж ирсэн үү гэдгийг сайн хэлж мэдэхгүй. Ямартаа ч аавыгаа өнгөрсний дараахан гэрийнхэнтэйгээ үл ойлголцож, амьдралд ирэх сорилтуудын өмнө сөхөрч унасан. Охиныхоо жижигхэн гараас хөтлөөд л гэрээсээ гарч билээ. Тэр үед л хүн өөрөө, өөртөө тулах цэг болох ёстойг ухаарсан.


Хүмүүс энэхүү хямралыг олон янзын аргаар л давдаг байх. Дуучин хүн дуулна, хөгжимчин хүн аялгуунд автана, зарим нь бүр мансуурдаг шүү дээ. Харин надад үг, дэвтэр, үзэг гурав л байлаа. Тэгээд л би бичсэн. Яруу найраг надад аврал болсон. Амьдралынхаа харанхуй ёроол руу уначихаад үг бичиж, үгээр өөрийгөө тэтгэж байж боссон учраас зарим шүлгээс маань бараан цөхрөл ч цухалзах болов уу. Гол нь үг намайг тэнхрүүлж, би тайтгарсан. Хүнд хэцүү сорилтыг өөрт байсан юмаараа /үгээр/ тулж босож ирсэн.




-Тэгвэл энэ бүх үйл явдал уран бүтээлд тань тусгалаа олсноор өөрийгөө илүү ихээр таньж мэдэх, үзэл санааны хувьд ч өөрт хамгийн ойр байж болох чанарыг олсон гэсэн үг үү?


-Тийм. Би гадагшаа нээлттэй бус их дотогшоо хүн л дээ. Хэн нэгэнд өөрийнхөө асуудлыг тулгаж яриад хүнийг зовлонгоороо нидрээд байхыг хүсдэггүй. Ер нь хүнийг “Хар муухайгаар утаж болохгүй” гэж монголчууд ярьдаг шүү дээ. Тэгэхээр надад байгаа өмч минь “Би өөрөө” л юм байна гэдгийг ойлгосон. Өөрт минь харин шүлэг байсан хэрэг.


-“Зүрхэнд агч Намур”-ын шүлгүүдийг уншихад харин ч тайтгарал, эгээрэл мэдрэгдэж байсан...


-Үг аймаар хүчтэй. Хэтэрхий их зовлон бичих, үхэл хагацал ярих нь тэдгээрийг дууддаг гэдэг. Тиймээс би өөрт тохиолдсон зүйлсийг шүлэг болгон бичихдээ үгийг ерөндөглөж, бодлоо зөвөөр илэрхийлж гаргахыг зорьсон. Гутрал цөхрөл, уйтгарыг дотроосоо суллахдаа сэтгэлийн хат, тэвчээр, тайтгарал болгон хувиргасан.


-Хувиргах гэдэг нь үгийг гоёчлох гэхээс илүүтэй өөрийнхөөрөө хэрэглэх гэдэг утгаар уу?


-Тэгэлгүй яахав. Яруу найргийн хэл найруулга гэж нэг их ярьдаггүй. Гэтэл угтаа “шүлгийн хэл” гэдэг тун чухал зүйл. Нөгөөтэйгүүр бичсэн юмыг минь оюун ухааны харилцан адилгүй чадамжтай, янз бүрийн хүмүүс хүртэж, мэдэрч, уншиж байгаа. Тийм учраас уран бүтээлч хүн хэлний үүрэг хариуцлагыг өөрийн эрхгүй ухамсарладаг юм билээ.


-Шүлгийн хэлний тухайд ярьвал?


-Яахав 90-ээд оны сүүл, 2000 оны эхээр урлагийн олон ай савууд бий болж, шинэ төрөл зүйлүүд эрчтэйгээр цутган орж ирсэн. Манай үеийнхэн ч бас тэр бүхнээс өөрт таалагдсан төрлөөр бичих, илүү орчин үеийн байх гэж хичээдэг байсан биз. Би ч мөн тэдний нэг нь л байхгүй юу. Энэ үед хэлний ижилсэл бий болсон. Биднээс түрүү үеийн ах, эгч нар хэлдэг байлаа. “Танай үеийн залуусаас арвыг нь сонгож аваад шүлгийг нь уншихад жаахан ижил төстэй анзаарагддаг” гэж. Бүгд л нэг цаг үед, нэг жижигхэн хотдоо аж төрдөг байсан болохоор тэр биз. Өөрт мэдрэгдэх зүйлс, тохиолддог асуудлууд нь яг л адилхан байдаг шүү дээ. Харин аажмаар өөрсдийн гэсэн өнгө төрхийг олдог. Тэгээд л жимс шиг өөр, өөр амттай болдог.


-НАМАР БОЛ ДУТСАН ЮМС НЬ БҮРДЭЖ, ИЛҮҮДСЭН ЮМСААСАА АНГИЖИРАХЫН НЭР-




-Улирал ер нь уран бүтээлч хүний мэдрэмжинд нөлөөлдөг үү, бид угаас байгальтайгаа ойр байдгаас тэр юм болов уу?


-Бид нүүдэлчид. Хөгшин европтой харьцуулахад суурин иргэншлийн хувьд балчир хүүхдийн насны дайтай түүх бий. Тиймээс байгальтайгаа ойр, ахуйгаасаа болоод байгалийн эзэн бус эрхшээлд нь байдаг. Дөрвөн улирлын аясаар малаа дагаж өвөлжөө, хаваржаандаа буух мэтээр нүүдэллэн аж төрдөг байсан. Одоо ч дэлхий дээрх цор ганц нүүдэлчид хэвээрээ. Энэ утгаараа байгальтайгаа хамгийн сайн зохицож амьдардаг хүмүүс гэж боддог. Жилийн 12 сарын эргэлт дотор улирлын дөрвөн өөр өнгө аясыг туулан зохицож ирсэн унаган чанар дотор оршдог болохоор уран бүтээлчид нөлөөлөх нь зайлшгүй байх. Би лав өөрийгөө өвс, ургамал шиг байгалийн нэг бүтээл гэж сэрдэг. Тийм энерги, мэдрэмж авахгүй болохоор асуудлууд ургаад ирнэ дээ.


-Байгалиас хэт холдсон болохоор уу?


-Бид байгалиас хэт холдож орон хотдоо он удаан шигдсэнээс болоод л хүнтэй холбоотой элдэв асуудлууд үүдсэн шиг санагддаг. Уугуул чанараасаа хэт хол явчихсан болохоор л Өрнийнхөнд тулгардаг хүний нийгмийн олон асуудлууд бидэнд ч мөн тулгардаг.


Гол нь хүн ямар нэг зүйлээс эрч хүч, энерги авч байдаг шүү дээ. Надад бол салхинд гараад явахаар л бие сэргэж, сэтгэл санаа ариусах шиг болдог сүнслэг чанар байдаг. Гарын алганд өвс буй юм шиг хөнгөхөн гижиг мэдрэгддэг. Салхинаас би өөрийгөө навч юм уу эсвэл ганц ширхэг борог өвс мэтээр төсөөлдөг.


-Салхи гэхээр “Дотоод тэнгис” номын нэр холбогдох шиг санагдлаа?


-Тэнгис уг нь нуур биш, хэзээ ч тогтоол ус шиг байдаггүй. Тэр их сүрлэг усан үргэлж амьд, амьсгалж байдаг. Тэнгис зүрхтэй гэж боддог. Сэтгэлийнхээ үргэлжид догдолж, гуньж байдаг тогтуун бус хөдөлгөөнийг тэнгисээр илэрхийлсэн. Уг нь нэг салхитай нэр өгөх гэж байсан юм. Тэгтэл нэг шүлэгт минь “Өгүүлшгүй гүн тэнгис дотор байдаг” гэх мөр байв аа, тэгээд л ийм нэр өгсөн. Ер нь бүр нэг тогтонги үзэл, төлвөөс сайн бүтээл төрөхгүй ч байж мэднэ.


-Намрын улирлаас сайхных нь эсрэг ярих гээд үзье л дээ. Навчис унах, шувууд буцах, нэг тийм эгшиг чимээ үгүйрээд нам гүм болох шиг санагддаг. Эдгээрээс аль нь танд хөндүүртэй мэдрэмж төрүүлдэг вэ?


-Би сумын төвийн хүүхэд л дээ. Намар болохоор Түнэлийн хэдэн модод цайрч, хувхай даагаад л хорчийж үлддэг байв. Зунжин бужигнаж байгаад л бүх юм оргүй хоосон руу алгуурхан урсана. Аав ээж ажилдаа орж, ах эгч нар хот руугаа буцаж, гол усны шувуудын дуу үгүйрээд маш их уйтгар төрүүлдэг байлаа.  Гэхдээ тэр нь хачин их таалагддаг. Өөрөө жаахан гуниглангуй хүн болохоор намрыг хань татаж, уйтгараа улам сэдрээдэг байсан. Миний мэдрэмж бусадтай нь их зөрчилддөг мөртлөө намар болохоор л яг өөрийн гэсэн улирал дотроо байгаа мэт болдог. Гэхдээ мэдрэмж гэгч зүйл ер нь хүнтэйгээ хамт өсөж, хөгждөг юм билээ. Гол нь мэдрэмжээ хүн яаж таних вэ гэдэгт л хамаг учир бий.


Одоо бол надад намрын хоосруулдаг хохь мэдрэмж үгүй болчихсон. Харин ч тайтгарал мэдрүүлэхээс гадна нам гүм байдал нь эхийн бүүвэйн дуу шиг санагддаг. Би саяхан  “Намар бол дундарч хоосрохын нэр биш, дутсан юмс нь бүрдэж, илүүдсэн юмсаасаа ангижирахын нэр” гэж бичсэн. Одоо намар надад уйтгартай хоосныг бус урт удаан амар амгаланг авчирдаг болсон доо.


-Яруу найргийн тухай үргэлж дурдаж байна. Энэ зүйл танд яг юу өгдөг вэ?


-“Мунхаг хүн зүрх сэтгэлдээ “үг” тээж явдаг бол ухаант хүн үгэндээ зүрх сэтгэлээ тээж явах аж” гэсэн дорнын зүйр цэцэн үг бий. Хүн зүрхэндээ сайн, муу гээд ямар ч үг тээж болно. Харин үгэндээ зүрх сэтгэлээ тээнэ гэдэг хачин гоё байгаа биз дээ. Яруу найраг бол миний зүрх сэтгэлээ тээдэг тэр үгс юм. Миний амраг, хань ижил, дотны нөхөр минь яруу найраг. Дотор байгаа бүхнээ илэрхийлээд гаргачихаж чаддаггүй хүн шүү дээ, би. Хамгийн гайгүй илэрхийлж, тайтгарч байгаа нь л яруу найраг.


-Хүний анхны ном гэдэг их нандин шүү дээ. Басхүү өөрийн гэсэн дурсамжийг агуулж байдаг. Тус номын шүлгүүдийг ямар улирлынх гэж оноох вэ?


-Миний анхны ном “А тэмдэглэл” гэдэг нэртэй. Номоо гаргах үед их л ганган дэгжин охин явлаа. Хэдий хорь гарчихсан ч өөрөө бол хүүхэд хэвээрээ л байсан үе. Тийм болохоор номынхоо шүлгүүдийг хаврын улиралтай зүйрлэх болов уу.


Номын хувьд бол “Би ер нь шүлэг бичиж чадах нь уу, үгүй юу” гэдгээ өөрөөсөө асуусан, түүндээ хариулт болгоод л гаргачихсан. Ер нь гаргачихсан ч гэж дээ... Би уг нь багш, судлаач Ч.Билигсайхан агсанд шүлгүүдээ аваачиж өгч уншуулж, зохиолч Г.Аюурзана ахад мөн мэйл бичин илгээсэн юм. Гэтэл Билгээ багш маань их сайшааж, бүр өмнөтгөл үг хүртэл өөрийнхөө гараар таталган бичээд бэлдчихсэн байлаа. Тэгээд л ном болчихсон юм.


ЯНДАШГҮЙ БАЯН ЭХ ХЭЛ

/хоёрдугаар хэсэг/


Уран бүтээлч нь гашуудаж байхад ч
урлаг өөдрөг хэвээр оршдог.
Андрей Тарковский


СЭТГҮҮЛЧИЙН ХҮҮРНЭЛ:


Энэ жилийн хувьд “Covid-19” тахлын улмаас улс оронд зорчих хөдөлгөөн хязгаарлагдаж, хүмүүсийн оролцоотой бүхий л үйл ажиллагааны хүрээнд хумигдмал байдал үүссэн. Харин уран бүтээлчид дайн самуун, цар тахал, байгалийн гамшиг зэрэг ямар ч нөхцөлд бүтээлээ үйлдвэрлэсээр ирсэн билээ. Тиймдээ ч бид унших ном, сонсох дуу, үзэх уран зураг, киногоор тасарсангүй. Харин нөгөө талаас авч үзвэл театр, дуурь зэрэг тайзны урлагаас гадна үйл ажиллагааны хүрээ зогсонги байдалд орсон нь урлаг, уран бүтээлчтэйгээ цуг хоригдсон явдал юм. Гол нь урлаг үргэлж амьд, үгс үргэлж хөдөлгөөнд оршиж байдаг ажээ. Тиймдээ ч уран бүтээлч нь үгүйрч хоосрон, элдвээр гашуудан орь дуу тавьж байсан ч Достоевскийн романууд уншигдаж, Тарковскийн кинонуудыг бишрэн үзэж, Шекспирийн жүжгүүд тоглогдсоор байдаг биз. Харин бид өөрсдөөсөө юуг онцлох вэ? Толиноос харж зогсоо ижилхэн төрхтэй хүн шиг дотроосоо өөрсдийгөө дурандаад үзвэл яах вэ?


-УРЛАГ, УРАН БҮТЭЭЛЧТЭЙГЭЭ ЦУГ ХОРИОНД ОРСОН-




-Сүүлд танайхаас “Тагтаа” утга зохиолын сэтгүүл гаргасан. Сэтгүүлийнхээ агуулгыг хэрхэн боловсруулсан бэ?


-Анх “Тагтаа” хэвлэлийн газарт ажилд оров оо. Тэр үед манай захирал, орчуулагч Б.Баясгалан утга зохиолын сэтгүүл хийх талаар ярьдаг байсан. Харин уг яриа маань биеллээ олж энэ намар “Тагтаа” утга зохиолын сэтгүүлийн эхний дугаарыг уншигчдадаа барьсан. Эхлээд бид цар тахлын сэдвээр зангидахыг зорьсон. Гэтэл нийгмийн шаардлагыг дагаад ч тэр үү бичвэрүүд нь илүү сэтгүүл зүйн өнгө аястай болоод явчихсан. Ерөнхий концепц нь гадаадын “The New Yorker”, “Granta” зэргийн адил утга зохиолын үнэ цэн, чанар чансааг тодорхойлдог, ном шиг форматтай, улирал тутмын сэтгүүл бий болгоход зангидагдаж байсан. Яг хийж эхлэх гэтэл бид хоригдчихсон байхгүй юу. Зочидтойгоо амьд харилцан яриа өрнүүлж, сэтгүүлийн зураг авах хэрэгтэй байтал хөл хорионоос болоод хамаагүй явж болохгүй байлаа. Тиймээс л агуулгаа ерөнхийд өөрчилсөн. Мэдээж уран бүтээлчид ч тэр, урлаг ч тэр энэ цар тахлын үед дэлхий нийтээр хорионд орсон шүү дээ.  Тэр утгаар нь “Хориотой урлан” гэж нэрлэсэн.


-Уг сэтгүүлээс өөрийн тань хувьд онцлох материал аль нь байсан бэ?


-Сэтгүүлдээ гэрэл зурагчин Б.Бат-Оргилыг онцолж, түүний авсан гэрэл зургийн бүтээлүүдийг уншигчдад дэлгэн үзүүлсэн байгаа. Харин миний хувьд цоо шинэ нээлт шиг санагдсан зочин бол зохиолч Д.Энхболд ах байлаа. Бид сүүлийн гучаад жил орчуулгын уран зохиол голлосны улмаас өөрсдөдөө байгаа үнэт зүйлсийг мартчихаж. Харин тэр хаяж гээсэн юмаа шинэ зочноосоо олж авсан. Д.Энхболд ахтай уулзаж ярилцаад үзсэн чинь үнэхээр өөрт байдаг унаган зүйлээ шавхаж бичдэг их гоё зохиолч санагдсан. Хуучилж дууссаны хойно “Тагтаа” сэтгүүлд орсон “Гурвантэсээс Чикаго хүртэл” гэдэг бүтээлийг нь уншаад уйлсан.


Бидэнд өөрсдийгөө нээгээд, дотогшоогоо дурандаад үзвэл ямархан гоё юмс тэнд гялалзаж байна вэ гэдгийг ойлгосон. Түүнээс бус харь газрын чамин зүйлсээр бидний сэтгэлгээ хөгжиж, хэл баяжихгүй. Өнөөх л нүүдэлчин ахуй, ёс заншил гэж ярьдаг. Үнэндээ тийм хуучин, зүгээр л урагдсан хувцас шигээ гээгээд хаячих зүйл биш байхгүй юу. Дотроосоо өөрсдийгөө нэг дурандаад үзье. Дараа холынхоор нь эргүүлж хардаг шиг буцаад өөрсдийнхөө гадна талаас нэг дурандъя. Өөрт байгаагаа уудалж, ойлгож чадвал олон улсад үнэлэгдэх асар их боломж байна.


-Манайд  редакторын ажлыг нэг их ойшоодоггүй хандлага их байсан. Сүүлийн үед уг хандлага өөрчлөгдөж байгаа. Гэхдээ л номын дайварт хавчуулагдаж явдаг нэр шиг хэвээрээ л ажиглагддаг. Энэ талаар ярихгүй юу?


-Үнэн л дээ. Редактор гэхээр нэг дайвар бүтээгдэхүүн шиг хавчуулагдана эсвэл орхигдоно. Гэтэл тун хариуцлагатай хөдөлмөр шүү дээ. Тухайн зохиолын үг үсэг, түүний утга санаа бүрийг нарийн мэдэрдэг.


-Агуулгынхаа хувьд их том шүү дээ...


-Тэгэлгүй яахав. Орчуулга бол хоёр хэлний хооронд сэлгэж явдаг их “махарсан” ажил. Гэтэл яг тэр ядарсан, махарсан үед нь гэрэл тусгах хүн бол редактор. Манайхан ариутган шүүгч гэж их гоёор нэрлэдэг шүү дээ. Нээрэн л энэ цар тахлын үед бүх хүн гараа, ажлын өрөө танхим, гэрээ ариутгадаг шиг зохиолын үг бүрийг тэр хүн ариутгаж байдаг. Ялангуяа уран зохиолын редактор ямар ч найруулга руу хөрвөөд орчихдог чадвартай байх хэрэгтэй.


-Редактор хүн гэдэг яг ямар зарчим баримтлах ёстой вэ? Танд тийм зарчим бий юу?


-Бид эх монгол хэлээрээ өлгийдүүлж, энэ хэлээр төлөвшдөг, нийгэмшдэг. Нэг үгээр бид эх хэлээрээ “кодлогдоно”. Тэгэхээр хэлийг нэн түрүүнд эрхэмлэх хэрэгтэй. Тиймдээ ч миний номын ажилд уран зохиол голлодог учраас хэл найруулгыг нь эвдэхгүй байх зарчим баримталдаг.




-Бүр нэг тийм “харь” найруулгатай биччихсэн, тэгээд түүнийгээ өөрсдөө “монголоор” ойлгочихдог гэж яриад байдаг шүү дээ...


-Тийм. Буруу хэл найруулгаар биччихсэн, түүнийгээ хуудас хуудсаар хэвлээд ном болгочихоод байгаа. Энэ нь хожмоо их аюултай шүү дээ. Уг нь бид эх хэлнийхээ орчинд хангалттай орчиж байж чадсан бол хүүхдүүд хүртэл “Энэ юу гэсэн үг вэ” гэх асуултыг олон тавихгүйгээр ном, зохиол уншаад ойлгочих байсан. Гэтэл бид өөрсдөө хүртэл зөнгөөрөө ойлгохгүй болтлоо эх хэлээсээ харьшсан байна. Тэгээд би редактор хийж буй номондоо харь найруулга байлгачихгүй юмсан, хүнд ойлгогдохгүй нэг өгүүлбэр гараасаа гаргаад явуулчихгүйсэн гэж боддог. Эх хэлээрээ уншиж байгаа хүнд ямар ч ном орчуулагч Ж.Нэргүй ахын хэлдэгээр ёстой л тосон дээгүүр гулгаж байгаа юм шиг уншигддаг байх ёстой. Хэл гэдэг яндашгүй баян, үргэлж шинэчлэгдэж байдаг. Жишээ нь “кофе” гэдэг харь үгийг “боргол” хэмээн нэрлээд хэвшиж байна. Тиймээс ч яг л 13 дугаар зуунд монголчууд хэлээ сурах гээд хичээцгээж байсан шиг эх хэлэндээ тэр л сэтгэлээр ханддаг байгаасай. Монгол хэл хэзээ ч битгий хоцрогдоосой гэж хүсдэг. Хэл өөрөө хуучраад байдаг хувцас шиг эдлэл биш юм.


-Та үг үсэгтэй зууралдаагүй бол ямар хүн байх байсан бэ?


-Ёстой бодож байгаагүй юм байна. Аягүй бол утга зохиол, номын судлаач хүн л болох байсан биз.


-Буцаад л үгтэй зууралдах юм биш үү?


-Өө, тийм байна ш дээ. /инээв/ Ингээд үг гэдэг зүйлээс холдохгүй байгаа юм даа.


-Магадгүй одоо үгүй болчихсон, сүүдэр нь энэ хорвоо дээр тусаагүй нэг зохиолчоос ийм асуулт асууна даа гэж бодсон үе байдаг уу?


-За байз, хэнээс юу асуух байсан юм бол оо... Магадгүй асуух гэхээс илүү Маркестай уулзвал бага насных нь тухай яриулж суух байсан биз. Харин Борхестой уулзвал юм асууж зүрхлэхгүй. Зүгээр л гарыг нь атгаад судасных нь цохилтыг мэдрэх байсан. Яг одоо ийм л төсөөлөл бууж байна.


-Заримдаа уншигчид зохиолчоос хэтэрхий ихийг шаардах нь бий. Зарим нь таны шүлгийн түүвэр гараад удаагүй байхад хүүрнэл зохиолын ном дотроо нэхээд эхэлчихсэн ч байж болно. Мөн “Тагтаа паблишинг”-д ажилладаг болохоор уншигчид танаас орчуулгын бүтээл хүлээж байж магадгүй?


-Би орчуулагч гэхээсээ Дэлгэрмаа гэдэг уран бүтээлч байхыг илүү хүсдэг. Уншигчдад хүлээлт үүссэн бол баяртай байна. Магадгүй нэг хөөрхөн хүүхдийн зохиол орчуулж ч мэднэ. Уг нь энэ тухай бодоод л явдаг юм. Харин дараагийн уран бүтээл гэвэл бэсрэг тууж байх болов уу. Сүүлийн үед хүүрнэл бичээд явбал чадах юм байна гэдэг итгэл өөрт төрөх болсон. Хүн аливаа зүйлийг хийхдээ өөрийнхөө зүрх сэтгэлийн төлөө туурвидаг ч гэсэн бусад хүмүүс түүнийг нь хүртэж байгаа шүү дээ. Тиймээс бусдад зориулсан хайр байх хэрэгтэй. Өөрийнхөө дотор ганцаардсан, гансарч явдаг Дэлгэрмаагаа уудлаад нэг хөөрхөн хайрын тууж бичиж байгаа. Надад хүнд гаргаад өгчих юм тун ховор. Тиймээс л өөрийн уран бүтээлээр тэр зайг нөхөх гэж хичээдэг. Уран зохиолын амбиц гэхээсээ илүү надад гэрэл байвал бусдад тусгахыг бодно.


 “ААВ ХЭМЭЭХ ШУВУУ”

/гуравдугаар хэсэг/


Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай
Насыг нь зөөж буцсаар л байгаа шувуудад хайртай...

Х.Чилаажав

СЭТГҮҮЛЧИЙН ХҮҮРНЭЛ:  


“Мартахуйн цэл мөсөн доогуур

Санахуйн сул усан урсана...” гэх С.Дашдооров гуайн хосмолжин буй. Аливаа агшин, хормууд цаг хугацааны илдэн дор хүзүүгээ дурамжхан атал дуугүйхэн тавиад одно. Тийм л харгис, өршөөлгүй уртаас урт гинжин хэлхээний үйл дунд санаж явах дурсамжийг мартана гэдэг юутай харамсалтай. Өнгөрснөөс үлдсэн бүхэн мартагдаж сэтгэл дотор цэл мөсөн тогтож түүнээсээ цааш нэгээхэн бээрч цүүцдэж чадахгүй байх л хамгийн хэцүү зүйл шиг санагдана. Ганцхан цуурал үүсгэчихвэл л дурсамжийн сул усан сэтгэл рүү юүлэх билээ. Тэр л усан биднийг гэрэл гэгээгээр дүүргэж, дэвтэр дүүрэн үгс өрүүлж,  мартахуйн цэл мөсөнг дахин цүүцдэх явдал үл гаргамуй хэмээн алс тэртээд эрчилж, гогцоорсоор одно. Харин үүнийг ойлгож ухаартлаа бид хэчнээн удаан сэтгэлдээ мөстэй явдагсан бол...


-ААВ Л БААВГАЙ ГЭДЭГ НЭР ӨГЧИХСӨН-




-“Баавгай нэртэй шувуу, Бархас охин хоёрын түүх” хүүхдийн тууж хэвлүүлсэн. Хүүхдийн зохиол бичихэд нөлөөлсөн хүчин зүйлс юу байв даа?


-Ээж болсон хойноо анх удаа хүүхэддээ ном сонгох хэрэг гарлаа. Тухайн үед хүүхдийн зохиол бичдэг хүмүүс байсан ч их цөөхөн, бүтээл ном нь ч ховор байсан. Монсударын “Жангар” редакцийн номуудаас өөр хүүхэддээ санал болгочихмоор уран бүтээл байгаагүй санагддаг. Тэр л үед ийм сул орон зай байгааг анзаарсан юм. Харин хоёрдугаарт  аавдаа төлөөгүй сэтгэлийнхээ өрийг хөнгөлсөн юм.


-Ямар өр вэ?


-Миний охины хувьд аавынх нь орон зайг өвөө нь нөхсөн. Би аав, ээжийнхээ дэргэд суугаад л охиноо цуг өсгөсөн хүн л дээ. Манай аав их сайхан монгол сэтгэлгээтэй, эх оронч хүн байлаа. Гал дээр гарсан ганц улаан зээ гээд л  охиндоо ёстой л амь байв. Нөгөөтэйгүүр аавын өөрөө хүссэн ч хийж чадаагүй бичгийн хүний ажлыг нь би үргэлжлүүлж явсан болохоор охиныг минь олон давхар хайраар хайрласан шиг санагддаг. Тэгээд амьд ахуйд нь “Аав аа, би нөгөө Баавгай шувууныхаа түүхийг зохиол болгож бичлээ” гэсэн аягүй их баярлаж, бараг л биччихсэн юм шиг хөөрч байсан. “Хурдан бич” гэж үглээд л, дуусахыг нь хүлээгээд л байлаа. Даанч би залхуурсаар байгаад бичиж дуусгаагүй байтал аав минь өөд болсон. Тэгээд л аавдаа ном бичиж өгөх, дээр нь аав ээжээрээ охиноо өсгүүлсэн гээд давхар давхар өртэй үлдсэн дээ.


Бид аав, ээжийгээ ачлах тухай ном сургаалиас уншиж, зохиол болгонд бичиж, дуу хүртэл аялдаг хэрнээ ухаардаггүй юм билээ. Магадгүй эрт ухаардаг ухаантай хүмүүс байдаг л болов уу, тэр нь би биш байж л дээ. Тийм болохоор л зохиолоо бичээд дуусгачихвал ядаж аавынхаа ачлалыг бага болов хариулах байх гэж бодсон.


-Тэгвэл зохиолын үйл явдал таны бага насны дурсамжтай холбоотой хэрэг үү?


-Надад л тохиолдсон явдал. Зохиол учраас жаахан уран сайхны үйл явдлууд нэмсэн байлгүй яахав. Аав маань нэг өдөр эхээсээ төөрсөн дэгдээхий олж ирээд бид хоёр хамтдаа тэжээж байсан юм. Уг зохиолдоо аавынхаа дүрийг урлаж, үг яриаг нь шингээж амьд мэтээр оршоож үлдээхийг чухалчилсан. Миний охин ийм сайхан өвөөгийн гар дээр өссөнөө битгий мартаасай гэж хүссэн.


-Гэхдээ яг зохиолд өвөөгийн дүр гарснаас бус аавын дүр их бүдэг байсан. Яагаад тэр вэ?  


-Хэдий хүүхдийн зохиол ч гэсэн томчуудад хүргэх давхар санааг дайж өгсөн хэрэг. Манай нийгэмд өрх толгойлсон эмэгтэйчүүд харьцангуй их байдаг. Ээжүүд л хүүхдээ харж гэртээ үлддэг, аав нар ихэвчлэн ажил төрөлдөө явдаг. Тиймээс аав нарын хүүхэдтэйгээ өнгөрөөх цаг бага, аавууд энэ нийгэмд жаахан бүдэг байна шүү гэдгийг сануулах гэж тэгсэн.


-Нэг зүйл их сонирхол татсан л даа. Шувууг яагаад Баавгай гэж нэрлэсэн юм бэ?


-Аав л Баавгай гээд нэрлэчихсэн. Би уг нь их гоё нэрнүүд бодоод л, чамин гадаад нэр хайгаад л байлаа. Тэгсэн чинь аав аягүй хөөрхөн хүнчилж нэрлэсэн байсан. Монголчууд бие нь өвдсөн хүүхдээ муу зүйлээс хаацайлах гэж заримдаа сонин содон нэр өгдөг шүү дээ. Яг түүнтэй адилхан энэ нэг жижигхэн дэгдээхийг том шувуу шүүрчихвий, нохой үмхчихвий, хүүхдүүд чулуугаар цохихвий гэж айсандаа хүүхэд шиг цээрлэж “Баавгай” гэж нэрлэсэн юм билээ. 




-Та номоо биччихээд аавыгаа уншчихсан мэтээр л санаж, баярлах сэтгэл төрсөн үү?


-Тэгсэн. Биччихээд бүр уйлсан. Яг сүүлийн цэгийг нь хатгаж дуусахад охин маань дэргэд байсан юм. Миний охин “Та бүр хүүхэд шиг дээр, дээр үсэрсэн” гэж хэлсэн. Би тэгснээ огт санахгүй байж билээ. Дараа нь ажил дээрээ сууж байтал хэвлэлтээс гарчихлаа гэдэг мэдээ сонсоод нойлдоо орж авуут дахиад л нэг сайн уйлж авсан даа. Би ном биччихлээ гэхээс илүүтэй аавдаа энэ номыг гүйцээгээд өгчихлөө шүү дээ гэж санахаас л нулимс асгараад байсан. Дараахан нь би аягүй гоё тод зүүд зүүдэлсэн. Түүнийгээ ярьчих уу?


-Тэг л дээ, бололгүй яахав...


-Манайх Хөвсгөл аймгийн Түнэл сумынх. Би Түнэлийн сууриндаа оччихсон, хашаанд маань цэв цэнхэр далай тогтчихсон байлаа. Аав, ээж хоёрыгоо цэл залуухан төрхтэйгээр харж зогссон. Мөн манай хашаанд байх далайд миний огт харж байгаагүй зүсэн зүйлийн гоёмсог шувууд цуглараад жиргэн дуулалдаж байсан. Тийм тунгалаг цэнхэр усанд уран гоё шувууд наадаад л, аав ээж минь цэл залуухнаараа... Би лав аав минь ихэд баярласан болохоор диваажингийн орны амьтдыг үзүүлж, тийм сайхан зүүдийг бэлэглэжээ л гэж ойлгосон.


-Таны аав ер нь ямаршуухан хүн байв. Ярианаас тань их л цайлган цагаан сэтгэлтэй хүн шиг санагдах юм...


-Тийм шүү. Аав минь их халуун дулаан сэтгэлтэй хүн байсан. Юм болгонд сэтгэл нь түрүүлээд гүйчихнэ. Дутуу гуцууд гунихгүй, эд баялагт шунадаггүй тийм л хүн. Хамгийн гол нь бүх юмыг хайрладаг, хүнийг сайн муу, сайхан муухай гэж ялгалгүй “хүн” гэдгээр нь эрх тэгш харьцдаг байлаа. Аавыг хүүхэд байхад Түнэлийн суурингийн ноход яг нэг тогтсон цагт хашааны гадна ирдэг байжээ. Аав ч тэр цагт гэрийнхээ ажлыг хийж дуусгадаг байсан гэдэг. Ингээд гэрээсээ хоолны өвдөл цөвдөл, боов боорцог цүнхэндээ дүүргэж аваад хойд Түнэлийн энгэрт очиж нөгөө нохдоо хооллодог байж. Хүүхэд байхын амьтанд элэгтэй, хүнийг хайрладаг хүн байсан.


90-ээд онд хоол хүнс дутуу, тарчигхан байв шүү дээ. Хүүхдүүд нь хоногийн хоолгүй хүн олон. Тэр үед зарим хүүхдүүд нийлж аваад сумын төвийн бүх айлаар өдөрт нэг удаа ордог байж билээ. Харин Цагаан даргынхаар гурав орно. Тэр нь манайх л даа. Аав минь тухайн үедээ муугүй алба хашиж байсан болохоор хүнс ховор ч гэсэн 25 кг будаа, гурил аваад тавьчихна. Хоёрхон хутгуур гурил үлдсэн байсан ч “Маргаашийн хоол яах билээ” гэж бодохгүйгээр гуйсан хүнд нэг хутгуур гурилаа өгөөд л явуулчихна. Аав минь тийм л өглөгч, сэтгэлийн муу муухайгаас ангижирсан хүн байв даа.


-Би багадаа зун болохоор л хуурай голын сайр дээрээс янз янзын хэлбэртэй боловч нэг өнгийн чулуу их хайдаг байлаа. Тэр нь цагаан чулуу. Аавын тань нэр их содон юм аа?


-Нэрний учрыг нь сайн мэдэхгүй. Их содон нэр шүү. Хүмүүс намайг яагаад “Цагаанчулууны” гэж биччигдэггүй юм бэ? гэж их асуудаг. Гэтэл аав минь Цагаанчулуун биш Цагаанчулуу байхгүй юу. Тиймээс Явуугийн гэдэг шиг Чулуугийн гэж бичдэг юм. Ер нь Хөвсгөлөөс баруун урагш Баян-Эрхт гээд Цогнууд овогтынхны нутаг бий. Аавын нутаг л даа. Тэдний нэрэнд цог, цагаан гэх үгс их орсон байдаг. Үүнтэй ч холбоотой байж мэднэ.


-“Баавгай нэртэй шувуу” зохиолын анхны уншигч охин тань байсан болов уу. Уншаад сэтгэгдлээ хэрхэн илэрхийлсэн бэ?


-Охин маань уншаад бас л уйлсан. Өвөөтэйгөө уулзсан юм шиг боллоо гэсэн. Өвөөгийнх нь өвдчихсөн, амьдралын сүүлийн мөчийг тусгаж өгсөн нь охиныг маань эмзэглүүлсэн юм билээ.


Зохиолоо бичих явцад охиноосоо үргэлж зөвлөгөө авч байсан. Учир нь энэ номыг хүүхэд уншина шүү дээ гэсэн бодол толгойноос салахгүй байлаа. Үйл явдлыг нь бол есөн бүлэгт хуваагаад зохиомжоо гаргачихсан байсан ч эхлэлийг нь дөрөв, таван янзаар оролдсон. Заримдаа охин маань “онцгүй байна” гэж шууд хэлнэ, уншихгүй төвөгшөөнө. Харин сонирхолтой санагдвал “Ээж энэ чинь ёстой хөөрхөн байна шүү дээ” гэнэ. Тиймдээ ч миний охин хамгийн үнэнч шүүмжлэгч байж хэл найруулгаа бүтээхэд их тусалсан.


-Нэг шүлэгтээ аав минь намайг хайрласан учир би онцгой гэж бичсэн байсан. Хүнийг хүн хайрлаж онцгой болгодог тэр хайрын тухай яриач?


-Хүн ер нь дандаа л хожимдож ухаардаг. Аавыгаа өөд болоход дотор минь бүрэлдсэн тэр шаналлыг бол үгээр хэлшгүй. Гол нь тэгээд хав харанхуйд сууж байсан чинь гэнэт л гэрэл ассан. Дотор минь байсан үгс шууд л ундраад шүлэг болоод эхэлсэн. Магадгүй аавыг гэх миний хайр амьд сэрүүнд нь далд байж байгаад гэнэт ил гарсан байх. Хүн өөрийгөө ертөнцийн төв болгож зовж гансраад, хамаг уйтгарыг өөртөө авчирч наачихдаг. Түүнээс бус өдөртөй шөнөтэй, хавартай намартай, үхэлтэй сэхэлтэй гээд амьдрал өөрөө маш тодорхой байдаг шүү дээ.  Бүх юм миний төлөө оршиж байхад би хайрлах хэрэгтэй, бусдад хайраар харьяалагдах ёстой гэж боддог. Ийм сайхан эх оронд байгаадаа, модод нь ургаж, салхи нь илбэхэд талархдаг.



***

Ярианыхаа төсгөлд би яруу найрагч зочиндоо өөрийнх нь шүлгийг уншиж өгсөн юм. Магадгүй тэр өөрийнхөө шүлгийг бусдынх мэтээр сонсож, бусдын зүрх сэтгэлээс ундарсан үгс гэж сэрвэл ямархан мэдрэмж төрөх нь сонин байв. Ингээд “Зүрхэнд агч Намур” түүврээс нь ийнхүү дуудав.


АМЬДРАЛ ЧАМД ӨРГӨХ ТӨРСӨН ӨДРИЙН БАДАГ

Алдаа бүхэн минийх
Амьдрал чамдаа хайртай
Оноо бүхэн нь бусдынх
Орчлонд урвашгүй хайртай
Дулаан алга нь санагддаг
Дуу шиг ижийдээ хайртай
Дутуу явахад минь ирсэн
Бүтэн үрдээ хайртай
Цагаан үүлнээс бударсан
Цаг хугацаанд хайртай
Цангинам жавраар хулдсан
Өвөл бүхэнд хайртай.
Өвөл шиг цээжинд дуссан
Бүлээн бороонд хайртай
Өлчиржих тусам сорьсон
Өвгөн хорвоод хайртай
Намар намарт хагдарч байх
Навч шиг насандаа хайртай
Нахиалж, хавар нь төлжөөд байх
Мөчир шиг сэтгэлдээ хайртай
Алдаа бүхэн нь минийх
Амьдрал чамдаа хайртай
Аавыг минь дагуулаад одсон
Хатууд нь ч адилхан хайртай!


Харин найрагчийн надад өгсөн сүүлийн хариулт яг одоо бичих гурван цэгний ард буй...


-Хүнийх хэмээн бодож сонсох гэж хичээлээ. Манай 90-ээд оны үеийн хэн нэг найрагчийнх нь шүлэг ч гэмээр сонсогдож байна. /инээв/ Би энэ шүлгийг 36 насныхаа төрсөн өдрөөр бичсэн юм. Дандаа гуниг гансрал бичээд байсан шиг санагдаад, энэ удаа эсрэгээр нь орчлонд талархаж тэрлэсэн нь энэ. Мөн уг шүлэгт ээжийгээ ч багтаасан. Ээжийн тухай бичихээр яагаад ч юм нэг тийм зөөлөн, дулаан алга л бодогддог. Халуурсан үед минь духанд хүрэх ээжийн дулаан алга хайр болж хувирсан байдаг.  


Гэрэл зургийг | Г.Чинзориг 
Зургийн эвлүүлэг, өнгө | Д.Энхбаяр

 

Холбоотой мэдээ