Дэлхийн худалдааны өсөлт буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-10-01 12:19:04

ЖЕНЕВ. /Xinhua/. Дэлхийн худалдааны өсөлт 2015 онд 3.3 хувь, 2016 онд 4.0 хувьтай байна гэсэн урьчилсан таамгийг Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/ өнгөрсөн дөрөвдүгээр сард  дэвшүүлж байсныгаа бууруулж, 2015 оны дэлхийн худалдааны өсөлтийг 2.8 хувь, 2016 оны өсөлтийг 3.9 хувь болгосон байна.

2015 оны эхний хагаст дэлхийн эдийн засагт нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйлийг ДХБ өчигдөр хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Үүнд: БНХАУ, Бразил болон хөгжиж буй эдийн засагтай бусад орны импортын эрэлт буурсан, нефть болон түүхий эдийн үнэ унасан, валютын ханш асар их хэлбэлзэлтэй байгаа зэрэг оржээ.

Санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал, АНУ-ын мөнгөний бодлогыг өөрчлөх байр суурьтай холбоотой тодорхойгүй байдал, эдийн засгийн холимог мэдээ зэрэг нь энэ оны хоёрдугаар хагас болон түүнээс цааших хугацааны дэлхийн эдийн засаг, худалдааны хэтийн төлвийг бүрхэг болгож байна.

Хэрвээ энэ удаагийн таамаг биеллээ олбол дэлхийн худалдааны өсөлт гурав хүрэхгүй хувь болж, дөрөв дэх жилдээ дараалан буурсан үзүүлэлт болох бөгөөд энэ нь дэлхийн ДНБ-ий өсөлтийн түвшинтэй бараг адилхан болох юм. 1990-ээд болон 2000 оны эхээр дэлхийн худалдааны өсөлт ДНБ-ий өсөлтөөс хоёр дахин илүү байжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд