“Netflix” компани Ховардын их сургуультай хамтран Чедвик Боузманы нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
anudaritsagaan@gmail.com
2021-10-06 15:57:50

ВАШИНГТОН. /CNN/. Алдарт жүжигчин Чедвик Боузманы урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнууд болон хойч үеийнхэнд үзүүлэх нөлөө улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан стриминг үйлчилгээ үзүүлэгч “Netflix” компани түүний төгссөн Ховардын их сургуультай хамтран Чедвик Аарон Боузманы нэрэмжит сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ.


Чедвик Боузманы нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт Ховардын их сургуульд шинээр байгуулагдсан Дүрслэх урлагийн коллежид суралцах хүсэлтэй оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд нийт 5.4 сая ам.долларын сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болжээ.


"Манай сургуулийн гайхалтай төгсөгч Чедвик Боузманы нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж буйг дуулгахад маш таатай байна. Түүний амьдралын замнал болоод кино урлагт оруулсан хувь нэмэр нь бусдад урам зориг өгч байгаа гэдэгт итгэлтэй байна" гэж Ховардын их сургуулийн захирал Уэйн Фредерик онцлон дурдаад, "Түүний эхнэр хатагтай Симон Ледвард Боузман болон дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа “Netflix” компанид талархсанаа илэрхийлье” хэмээжээ.


Чедвик Боузман Ховардын их сургуулийн бакалаврын зэргийг найруулагчийн мэргэжлээр дүүргэжээ. "Үлгэр жишээ болсон олон уран бүтээлчдэд дээд боловсрол эзэмших боломж байдаггүй тул боловсролтой холбоотой санхүүгийн бэрхшээлийг бууруулахын тулд аль болох олон оюутныг дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь Чедвик Боузманы кино урлагт үнэнч байж, бусдыг энэрэн хайрлаж, ирээдүй хойч үеээ дэмжих хүсэлтэй байсныг илэрхийлж байгаа юм” гэж түүний эхнэр Ледвард Боузман хэлжээ.


Тэрбээр домогт бейсболын тамирчин Жек Робинсоны тухай өгүүлдэг “42” хэмээх намтар киноны гол дүрийг бүтээснээр олонд танигдсан бөгөөд 2018 онд “Black Panther” кинонд гол дүр бүтээж, хожим нь энэ дүрээрээ “Avengers: Infinity War”, “Avengers: End Game” кинонуудад тоглосон билээ. Нийт 30 орчим кинонд дүрээ мөнхөлсөн алдарт жүжигчин Чедвик Боузман өвчний улмаас өнгөрсөн оны наймдугаар сарын 28-нд 43 насандаа таалал төгсжээ.

Холбоотой мэдээ