Иракийн тагнуулынхан “Лалын улс” бүлэглэлийн "ерөнхий нягтлан бодогчийг" баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБАГДАД. /BBC/. Иракийн тусгай албаныхан өмнө нь “Лалын улс” террорист бүлэглэлийн дээрээсээ хоёр дахь хүн байсан Сами Жасим аль-Жабуриг баривчилсан байна.
Хажи Хамид нэрээрээ мөн зартай, “Лалын улс” бүлэглэлийн санхүүг хариуцаж байсан Жасимыг баривчилсан тухай тус улсын Ерөнхий сайд Мустафа аль- Каземи мэдэгджээ.
Иракийн Ерөнхий сайдын хэлснээр, Жасимыг тус улсын тагнуулын албаны явуулсан олон улсын нарийн төвөгтэй ажиллагааны үеэр баривчилжээ. Ажиллагааг аль улсад явуулсныг тэрбээр хэлээгүй байна.
Хажи Хамидын хувьд АНУ-ын засгийн газар 5 сая долларын шан амлаж байв. Холбооны мөрдөх товчооныхны үзэж байгаагаар, Жасим нь “Лалын улс”-ын халдлага үйлдэх төсвийг хуваарилдаг байснаас гадна, бүлэглэлийн нэрийн өмнөөс газрын тос, байгалийн хий, ашигт малтмал, эртний эдлэлийг хууль бусаар худалдах үйл ажиллагааг хариуцдаг байжээ.
Жасимыг баривчилсан нь Иракийн аюулгүй байдлын албанынхны хувьд үнэ цэнтэй боловч тэрбээр “Лалын улс”-ын хувьд орлуулшгүй мэргэжилтэн биш юм. Түүний оронд удахгүй өөр хүн ирэх нь ойлгомжтой.
Харин ВВС-гийн цэргийн асуудлаар бичдэг сэтгүүлч Фрэнк Гарднерийн хэлснээр, энд хамгийн үнэ цэнтэй зүйл бол ойрын ирээдүйд үйлдэхээр төлөвлөж буй халдлага гэх мэт түүний мэдэж буй маш олон чухал мэдээлэл юм.
Иракийн аюулгүй байдлын албаны хэвлэлийн албанаас мэдээлснээр, баривчлагдсан этгээд Абу Бакр аль-Багдадигийн оронд томилогдсон “Лалын улс”-ын шинэ толгойлогч Амир Мохаммед Саид Абдул Рахманы ойрын хүмүүсийн нэг аж.
2019 оны 10 дугаар сарын сүүлчээр АНУ-ын цэргүүд Сирийн Идлиб муж дахь аль-Багдадигийн нуугдаж байсан газарт ажиллагаа явуулсан юм. Түүний хамгаалагчдыг устгасан бол аль-Багдади өөрийгөө буудсан байна.
Франс-Пресс агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр, Иракийн тагнуулынхан Жасимыг Туркт баривчилжээ. Туркийн эрх баригчид Иракийн эрх баригчдын мэдэгдэлд тайлбар өгөөгүй байна.