Архангайн малчид малаа экспортод гаргахыг хүсч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-01 13:14:16

Цуврал-2

Аяллын баг Архангай аймгийн бүтээн байгуулалттай танилцаад зогсохгүй малчин өрхийн ахуй амьдралыг ч сурвалжилсан юм. Бидний эхний айл Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Мянгат малчин Н.Эрхэмбаярынх байв.

Арын сайхан хангай нутгийн уламжлал ёсоор Н.Эрхэмбаяр, гэргий Н.Энхбайгаль нар ширмэн тогоонд тос хайлсаар угтав.

Ах нь Архангай аймгийн Онцгой байдлын хэлтэст 17 жил шүхэрчнээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан.  Дараа нь ганзгын наймаанд 2, 3 жил явлаа. Нэг л ирээдүйгүй санагдаад мал маллахаар шийдсэн. Анх 300 гаруй бог, 5 үхэртэй хөдөө гарсан. Одоо 1400 гаруй бог 100 гаруй адуу, 50 орчим үхэртэй хэмээн Н.Эрхэмбаяр хуучлав.

Н.Эрхэмбаяр аймгийнхаа Улаан загалмайн хорооны идэвхтэн гишүүн бөгөөд орлогогүй иргэдэд туслах зорилгоор мах, бэлэн мөнгөний хандив өргөдөг аж. Түүний хийсэн сайн үйлсийг үнэлж, МУЗН-аас “Нигүүсэл” мөнгөн медалиар шагнажээ.

Хот газрынхан жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ гээд л өчнөөн ярьдаг. Энэ нь хөдөө орон нутагт утгаараа хөгжих юм бол малчдын ахуй амьдралд үнэхээр тустай. Малчид сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээгээ зах зээлд нийлүүлж байна. Үүнийг бодлогоор дэмжээд өгвөл малчдын аж амьдралыг дээшлүүлэх том түлхэц болно гэж боддог. Даан ч ийм ажил тун хангалтгүй байна даа. Хаяахан нэг үзэсгэлэн худалдаа л зохион байгуулах юм. Цагаан идээ бол Монголын брэнд бүтээгдэхүүн тул олон улс оронд сурталчлан таниулахад анхаарах хэрэгтэй хэмээв.

Тэрбээр, Жижиг дунд үйлвэрлэл хөгжиж байгаагийн бас нэг жишээ бол туслах малчин. Би гурван хүүхэдтэй. Бүгд эрдэм номын мөр хөөж байгаа тул надад туслах хүн тун ховор. Тиймээс өөртөө туслуулахаар хоёр малчин, нэг саальчин ажилд авсан. Саяхан нэг туслах малчныхаа хуримыг хийж, гэр барьж өглөө. Малчиндаа байнга бэлэн мөнгө өгөөд байж чаддаггүй тул заримдаа мал өгдөг. Мөн хэрэглээний махаар хангадаг. Нэг малчин маань сард дунджаар 500-600 мянган төгрөгөөр цалинждаг. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож, нийгмийн даатгалыг нь төлдөг. Энэ бол ажлын байр бий болгож буй нэг хэлбэр” гэлээ.

Эдийн засгийн хямрал хөдөө орон нутагт ч нүүрлээд байна. Ер нь бэлэн мөнгөтэй хүн ховор, иргэдийн худалдан авах чадвар суларч байна. Мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ огцом буурч байгаа тул малчдын амьдрал доройтож байгаа тухай малчид  байнга л ярьж байна.

50 сая хол давчихаад байхад Малчдын амьдралыг дээшлүүлэх, улс орноо хөгжүүлэх амархан баймаар санагдах юм. Манайх шиг цэвэр газрын хөрснөөс ургасан шим тэжээлт өвс ургамлаа  идэж бэлчээрлэдэг мал хаа байна вэ, Малчдын ахуй, амьжиргааг дээшлүүлэх нэг том ажил бол гадаадын улс орнуудад мах, малаа экспортлох чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэйг танай МОНЦАМЭ-гийн мэдээллээр дамжуулан төр, засгийн удирдлагуудад хүргэх хүсэлтэй байна.

Тэрбээр, Мал өсөөд байхад махны үнэ өсөөд байдаг нь  Ченжүүд малчдаас нэг кг хонины махыг дунджаар 3000 төгрөгөөр аваад хотод та бүхэнд 6-10 мянгын хооронд зардаг юм билээ. Хотынхон маань Эмээлтийн ченж, захын ченж, дэлгүүрийн жижиглэнгийн үнэ гээд давхар давхар нэмэгдэл төлж байж махаа худалдаж авч байна шүү дээ. Үүнийг л шийдчихвэл Монгол түмэн хямд мах худалдан авах боломжтой, амьдралд нь ч тустай. Энэ чиглэлээр гол бодлогыг нь зангидах газар нь Хөдөө аж ахуйн бирж байх  ёстой. Бирж жинхэнэ газар дээр нь малчин өрхөд хүрч ажиллах хэрэгтэй байгаа юм. Өнөөдрийн бодит байдал үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёр нь хохироод баялаг бүтээгч биш  ченжүүд  хөлжөөд байхаар чинь бид яаж өөдөө гарах билээ.

Ерөөс төр, засгийн зүгээс зөвхөн мах төдийгүй малыг хөлөөр нь экспортод гаргахад анхаарлаа хандуулж ажиллахыг дахин дахин хүсэх байна. Монгол нутагт байгаа мал эрүүл ахуйн бүх шаардлагыг хангах боломжтой шүү дээ ” гэв.

Н.Эрэмбаяр гуайн гэргий Н.Энхбайгаль сүү, сүүн бүтээгдэхүүн хийхээс гадна зуслангийнхаа усны голдирлыг сайжруулахын тулд бургас, улиас зэрэг 10 төрлийн 100 мод тарьжээ.

Мал сүргийн минь тоо толгой өссөн нь байгаль эхтэй салшгүй холбоотой. Тиймээс байгаль эхийнхээ ачийг бага ч гэсэн хариулах зорилго тавьж мод тарьж байна. Мянгат малчин болсноо билэгдэн 1000 мод тарихаар төлөвлөж байгаа хэмээн Н.Энхбайгаль хуучлав.

Тэрбээр, Манай аймаг “Ногоон хөгжлийн хөтөлбөр” боловсруулан ажиллаж байгаа. Миний зүгээс өөрийн санал санаачлагыг аймаг, сумдын удирдлагуудад хүргүүлж, дэмжлэг хүссэн. Одоогоор хариу ирээгүй байна. Эх орныхоо ногоон хөгжилд хувь нэмрээ оруулах саналыг минь нааштай хүлээн авч, дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэв.
Түүнчлэн Н.Эрхэмбаяр 2 га талбайд овъёос тарьдаг бөгөөд жилдээ 10 тонн орчим ургац авдаг байна. Үүнийхээ 7 тонныг нь өөрөө хэрэглэж, үлдсэнийг нь аймгийн зах дээр борлуулдаг байна. Тэрбээр, мал маллах бол хөдөлмөрч хүний хийх ажил. Өвс, малын тэжээл худалдаж авах нь залхуу хүний шинж юм. Одооны залуу малчид эрт унтаж, орой босч байна. “Эрт босвол нэгийг үзнэ” гэж Монгол ардын сайхан зүйр үг бий. Эрт босч хөдөлмөрлөж чадвал ямар ч хүн үр шимийг нь хүртдэг юм шүү гэдгийг залуу малчиддаа хэлье” гэлээ.

Ийнхүү бид Батцэнгэл сумын харъяат, Улсын сайн малчин Л.Айлтгүйбаатарын хот айлын зүг хүлгийн жолоо заллаа.

Улсын сайн малчин Л.Айлтгүйбаатар мянгат малчин Н.Лхагвасүрэн гуайн том хүү. Н.Лхагвасүрэн гуайнх 8 хүүхэдтэй. Том хүү нь улсын сайн малчин, удаах хүү нь Аймгийн арслан Л.Үйтүмэн, аймгийн заан Л.Шинэбаатар нар юм. Түүнчлэн энэ онд Жудо бөхийн ДАШТ-ээс багаараа хүрэл медаль хүртсэн, “Аврагч” спорт хорооны тамирчин Л.Отгонбаатар эдний бага хүү.

  Улсын гарьд Б.Гончигдамба Лхагвасүрэн гуайн  том хүргэн аж.

Хүн өөрөө хичээвэл ямар ч амжилт өмнө нь байдаг юм. Би хувьдаа хүүхдүүддээ нэг их айхтар өв хөрөнгө бэлдэж тусламж, дэмжлэг үзүүлээгүй. Хэдэн хүүхдээ малын захтай, мал мэддэг,  мал хариулах эрдэм л заасан, эр хүн шиг байх, эрэмгий зоригтой, сэтгэл сайтай, хуйсагнуур худал зангүй, ажилч хичээнгүй байхыг л сургамжилж ирсэн маань хүүхдүүд минь хүн шиг өөдрөг яваад нь нөлөөлсөн болов уу даа.  Одоо эд маань өөрийн хүсэл, сонирхолдоо хөтлөгдөж, их амжилтад хүрчээ. Тэднээрээ бахархаж байна хэмээн Н.Лхагвасүрэн гуай хуучлав.

Тэрбээр, Хүмүүс намайг мал маллах туршлагаасаа хуваалцаач гээд л ирэх юм. Би тийм бусдаас өөр мал маллагааны арга барилтай хүн биш. Угаасаа мал маллахад ийм дүрэм дагна гэсэн зүйл байдаггүй. Би багаасаа малаа хайрлаж хамгаалах сэтгэлтэй өссөн. Малаа хайрлаж л байвал өсөөд байдаг юм. Залуу малчид бусдаас туршлага судална энэ тэр гэхээсээ илүү малаа хайрлаж сурах хэрэгтэй” гэлээ.

Түүний хүү Л.Айлтгүйбаатар 2005 онд Улсын сайн малчин, 2010 онд Аймгийн алдарт уяач болсон туршлагатай малчин.

Тэрбээр, би одоогоор 1000 гаруй малтай. Тэмээнээс бусдыг л маллаж байна даа. Хоёр туслах малчинтай. Ер нь мянгат малчид туслах малчингүй бол хэцүү л дээ. Би өөрөө 4 хүүхэдтэй. Өөрийн ахуй амьдралаас гадна туслахуудынхаа орлогыг дээшлүүлэхийн тулд хичээж л байна хэмээн ярив.

Л.Айлтгүйбаатрынд зочлох үеэр мөн л мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үнийн бууралтаас шалтгаалж, малчдын амьдрал хүндэрч буй тухай яриа өрнөв.

Малын гаралтай түүхий эдийн үнэ огцом буурч байхад Засгийн газраас малчдад олгодог ноосны урамшууллыг хасах шийдвэр гарсан. Одоо малчид бараг орлогогүй боллоо хэмээн ярьцгааж байв. Тэрбээр, Эдийн засаг хүндрэлтэй үед урамшуулал  хасч болно. Гол нь малчдыг орлоготой байлгахад л анхаарах хэрэгтэй байна гэв. Мөн л мал, мах, махан бүтээгдэхүүнээ дэлхийн  энгээр борлуулж болдоггүй юм байх даа. Би малчдыг малын түүхий эдээ үндэсний үйлдвэрүүддээ тушаахыг уриалдаг юм.  Энэ нь эдийн засгийн өсөлтийг дэмжих том түлхэц болно  гэдгийг ч онцолж байв.

Орон нутагт Хөдөө аж ахуйн бирж байгуулсан гэдэг ч малчдад хүрч ажилладаггүй. Бирж нь хэдэн ченжүүдээс дор ажиллаад байх юм. Ченжийн хөл, гар хүрэхгүй газар алга. Яг л эдэн шиг Хөдөө аж ахуйн бирж ажиллах юм бол хаа хаанаа бидний амьдралд мөн ч тустай гэж бодох юм хэмээв. 

Манай сурвалжлах баг Эрдэнбулган сумын тавдугаар багийн иргэн, аймгийн тэргүүний тариаланч Р.Цэхэрийнд зочлов.

Р.Цэхэр гуай 80 настай, 51 жил тариалан эрхэлж байгаа аж. Тэрбээр аграномич мэргэжилтэй.  Мэргэжлийн хүн гэсэндээ хэдийгээр нас өндөр гарч байгаа ч энэ ажлаа орхиогүй, 200 га талбайд үр тариа, чацаргана, өргөст хэмх, улаан лооль, төмс, манжин, хулуу гээд бүх төрлийн хүнсний ногоо тариалжээ.

Түүнчлэн малд шим тэжээлтэй царгас хэмээх ургамлыг Төв аймгаас авч ирж Архангайд нутагшуулсан нь маш сайн ургажээ. Царгас бол малд хамгийн их шим тэжээлтэй учраас мал сүргээрээ улсдаа тэргүүлдэг Архангай аймагт тарьвал малчдад томоохон дэмжлэг болно хэмээн бодож тарьсан  маань онолоо хэмээн ярив.

Тэрбээр 1996 оноос тариалан, мал аж ахуйг хослуулжээ. Одоогоор 30 гаруй үхэртэй бөгөөд үүний олонхийг Алатау, Германын  “Хар тарлан” үүлдрийн эрлийз үхэр эзэлдэг байна. Өвөл үхрээ тэжээх зорилгоор хаашаандаа хадлангийн өвс тарьж, 15 метрийн гүний худаг гаргажээ. Малынхаа үүлдэр угсааг сайжруулахаар сайн үүлдрийн 3 бух авч ирсэн нь ойр хавийн малчдад үхрээ чанаржуулахад тус нэмэр болж буйг дурдав.

Манжин, төмс болон бусад хүнсний ногооны хаягдлыг Зэрлэг өсвтэй хольж малын тэжээл бэлддэг туршлагаасаа танилцуулав. Уг тэжээлийг идсэн мал сүү ордог гэнэ.

Тэрбээр, Засгийн газар, УИХ-аас Газар тариалангийн хуулийг нэн түрүүнд батлах хэрэгтэйг ч онцолж байлаа. Энэ хуулиар тариалангийн салбарт тулгамдаж буй олон асуудал шийдэгдэнэ. Сэтгүүлч та бүхэн ирсэн дээр нь хэлэх зүйлээ нэг мөсөн хэлье, ХААИС-д  аграномич бэлтгэх чиглэлд анхаарах хэрэгтэй байна. Хэдэн хөгшин аграномич л үлдлээ. Бидний ажлыг үргэлжлүүлэх боловсон хүчингүй болох нь. Тиймээс БСШУЯ болон холбогдох байгууллагуудаас энэ чиглэлд анхаарах хэрэгтэйг холбогдох хүмүүст хүргээрэй" гэлээ.

Ийнхүү Архангай аймгаар аялсан тэмдэглэлийн 2 дахь хэсэг энд хүрээд дуусч байна. Малчин, тариаланчид бүгд Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэх болон дээр дурьдсан саналуудыг төр, засгийн эрхэмүүд, бодлого шийдвэр гаргагчдад хүргэхийг биднээс хүссэнийг энэхүү сурвалжлагаараа дамжуулья.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд