БНСУ-ын телевизийн цувралууд “Netflix”-т өндөр амжилт үзүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2021-10-19 16:48:54

СӨҮЛ. /Yonhap/. Америкийн “Netflix” стриминг үйлчилгээний хэрэглэгчдийн хамгийн их сонирхон үзэж буй шилдэг 10 цувралын жагсаалтад “Squid Game” тэргүүтэй БНСУ-ын гурван цуврал бичигдэж байна.


FlixPatrol” судалгааны фирмийн мэдээллээр, даваа гаргийн байдлаар “Netflix”-ээр хамгийн их үзсэн телевизийн цувралын эхний байрт “Squid Game” бичигдсэн хэвээр байна. Энэхүү цуврал нь есдүгээр сарын 17-ноос эхлэн үзэгчдийн хүртээл болж, 23-наас жагсаалтыг тэргүүлж эхэлсэн юм.


Мөн өнгөрсөн баасан гаргаас цацагдаж эхэлсэн “My Name” цувралын хувьд дөрөвдүгээр байрт жагсаж байна. Нууцлаг, триллер төрөл жанрын энэхүү уран бүтээлийн гол дүрд жүжигчин Хан Со Хи тогложээ. Уг цувралын хувьд “Netflix”-т тавигдсан эхний өдрөө жагсаалтын зургаадугаарт бичигдсэн байна.


Түүнчлэн БНСУ-ын “tvN” телевиз болон “Netflix” үйлчилгээгээр үзэгчдийн хүртээл болж буй романтик, инээдмийн “Hometown Cha-Cha-Cha” цуврал жагсаалтын долоодугаар байрыг эзэлж байгаа бөгөөд сүүлийн 15 хоног дараалан эхний 10 байрт багтсан амжилт үзүүлжээ.


Шинжээчдийн үзэж буйгаар, “Squid Game” цуврал үзэгчдийн сонирхлыг урьдчилан таамаглаж байснаас илүүтэйгээр татсантай холбоотойгоор хэрэглэгчид Солонгосын бусад цувралыг шимтэн үзэх нь нэмэгджээ. Netflix” платформ нь үзэгчдэд төстэй уран бүтээлүүдийг санал болгох алгоритмтай учраас “Squid Game”-ийг үзсэн хүмүүс Солонгосын өөр цувралуудыг сонгон үзэж байна гэж поп урлагийн судлаач, шүүмжлэгч Жүн Дук Хюн ярилаа.


Мөн “Netflix”-ээр 2019 онд цацагдсан триллер жанрын “Kingdom”, зөгнөлт аймшгийн “Sweet Home/2020/ зэрэг цуврал нь Солонгосын контентуудыг дэлхий дахинд танилцуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Үүнээс гадна “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “BTS” тэргүүтэй хамтлагууд, Оскарын шагналт, эмгэнэлт инээдмийн “Parasite” зэрэг кинонууд нь ч мөн олон нийтийг Солонгосын цувралуудыг сонирхон үзэхэд нөлөөлсөн нь гарцаагүй юм.


"Поп соёл нь сүүлийн үеийн чиг хандлагад хөтлөгдөж байгаа тул Солонгос контентуудын хувьд ойрын хугацаанд дэлхийн үзэгчдийн анхаарлыг татах төлөвтэй байна. Иймд цаашдын уран бүтээлүүд үзэгчдийнхээ хүлээлтэд нийцэж чадвал байнгын үзэгчидтэй болох боломжтой” гэж урлаг судлаач Гон Хэжон хэлжээ. 

Холбоотой мэдээ