Монгол шагайн харвааг ирэх дөрвөн жил эрчимтэй хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-10-19 19:03:52

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг монгол шагайн харвааг хөгжүүлэхээр “Даян мэргэн” төслийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Монголын уламжлалт наадаан шагайн харвааг үе шаттайгаар сэргээн дэлгэрүүлэх. Өвлөн уламжлах, сурталчлан таниулах, өв тээгчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар “Даян мэргэн” төслийг эхлүүлээд байна. Завхан аймаг нь шагайн соёлын өлгий нутаг юм. Ялангуяа Сартуул шагайн харваагаар сүүлийн 200 гаруй жил таваас зургаан үе дамжин харвасан харваачид цөөнгүй бий.Өнөөдөр аймгийн хэмжээнд 150 орчим шагайн харвааны соёлын өв тээгчид бүртгэлтэй байна. Тиймээс шагайн харвааг хөгжүүлэх, хадгалах нь зайлшгүй шаардлагатай болоод буй.

"Даян мэргэн" төслийг эхлэл, суралцахуйн, дэлгэрлийн гэсэн гурван үе шаттайгаар 2024 он хүртэл хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд шагайн харвааны багш, дасгалжуулагчдын мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх. Аймгийн хэмжээнд 33-аас доошгүй дугуйлан, клубийг байгуулах. Сум бүр  өсвөрийн болон насанд хүрэгчдийн багтай болж 1000-аас доошгүй шагайчдыг бэлтгэх. Шагайн харвааг орон нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын үйл ажиллагааны нэгэн төрөл болгон хөгжүүлэх зэрэг олон ажлыг төлөвлөөд байна.

Өнөөдрийн байдлаар “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр шагайн харвааны найман клуб байгуулаад байна. Ер нь шагайн харвааг сонирхол татахуйц олон төрөлт хэлбэрээр хөгжүүлснээр хүүхэд залуучуудад уламжлалт зан үйл, өв соёлын цогц мэдлэгийг түгээх. Нийгэмд  эерэг, зөв хандлага төлөвшүүлэх, улсын хэмжээний уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцох зэрэг олон үр дүн гарна гэж үзэж буй. Энэхүү төсөл нь нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулж, монгол өв соёлын дархлааг бий болгох юм.

Холбоотой мэдээ