Байгууллагын удирдлагын ажлыг мэргэжилтний гүйцэтгэлээр дүгнэнэ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-10-20 17:45:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн салбарт харьяалагдаж үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын удирдлагуудыг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хүлээн авч уулзав.

Уулзалтад тус салбарын 18 газар хэлтэс, агентлагийн удирдлага болон Засаг даргын дэд бүтэц, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан орлогч Б.Батсуурь, ХОХБТХ-ийн дарга Т.Хишигбаатар мэргэжилтнүүдийн хамт оролцлоо.

Мөн үеэр Засаг дарга Д.Мөнхсайхан үндсэн хоёр чиглэлд анхаарч үр дүн гаргаж ажиллахыг тус газрын дарга нарт үүрэг болгосон юм.

Тэрээр, Салбар байгууллагууд бодлого нэгтэй, ажил хурдтай уялдахуйн чухлыг онцлоод, удирдлагын ажлын үнэлгээг мэргэжлилтний гүйцэтгэлээр дүгнэнэ гэдгийг хэлж байлаа.

"Баянхонгор аймагт бэлчээрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дөрөв, усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дөрвөн байгууллага байна. Тухайн байгууллагууд ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ч нэг бодлогод зангидагдахгүй, нэгнийхээ хийж буйг нөгөө нь хүлээн зөвшөөрдөггүй,  дэмждэггүй, огт мэддэггүй байдалтай байгаа"-г Засаг дарга онцлон хэлж байв. Үр ашгаа сайжруулж, үр дүнгээ өсгөхийн тулд салбар байгууллагууд уялдаа холбоотой, сайн ажлыг нь сайнаар нь шуурхай дэмжээд саарыг нь шударга хэлж цаг алдалгүй засаж залруулаад явбал аймаг орон нутаг хожих, хөгжих ёстой гэдгийг мөн онцолж байв.

Тэрээр удирдлагуудад хэлэхдээ, байгууллагынхаа талаар, мэргэжилтний талаар ирсэн санал гомдолд нухацтай хандаж, тухайн алдааг давтахгүйн тулд аргачлалаа өөрчилж ажиллахыг зөвлөлөө. Хэрэв иргэн, ААН-д үйлчилгээгээ зөв тохитой, ул суурьтай, шуурхай чанартай үзүүлж хүргэж чадахгүй байгаа тэр мэргэжилтний ажил байдал, харилцаа хандлага сайжрахгүй байвал тухайн байгууллагын удирдлагад арга хэмжээ тооцохыг анхааруулж хэлсэн юм.

Холбоотой мэдээ