“НҮБ-60” шуудангийн маркийн нээлт боллоо

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2021-10-26 13:30:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ойд зориулсан “НҮБ-60” сэдэвт шуудангийн маркийн нээлт өнөөдөр ГХЯ-нд боллоо.


Уг марк нь өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн гурван хэсгээс бүрдсэн бөгөөд нэг хэлхээндээ 6 төрөл байна. Эхний маркт Чингис хааны Алтан гэрэгэг дүрсэлсэн байна. Их Эзэн Чингис хааны үед бий болсон Алтан гэрэгэ нь өнөөгийн дипломат паспорттой ижил агуулгатай тул олон улсыг эгнээндээ нэгтгэсэн энэхүү байгууллагад элссэний 60 жилийн ойн маркт оруулсан гэдгийг ахмад дипломатч Л.Эрдэнэчулуун онцлов.


Монгол Улс 1946 онд НҮБ-д элсэх анхны өргөдлөө гаргаж байсан юм. Уг өргөдлийг бичиж буй Маршал Х.Чойбалсангийн хөргийг хоёр дахь маркт дүрсэлжээ. Харин гурав дахь маркт 1961 онд Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэний дараа Гадаад явдлын яамны орлогч сайд Д.Цэвэгмид НҮБ-ын индрээс үг хэлж буйг харуулсан байна.


Дөрөв дэх маркт энх тайвныг бэхжүүлж, зэвсэг хураах, эдийн засгийг хөгжүүлэх, охид эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах зэрэг Монгол Улсаас НҮБ-д дэвшүүлж байсан бүхий л санал санаачилгыг илэрхийлжээ. Харин тав дахь маркт НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудыг логог дүрсэлсэн бол Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг зургаа дахь маркт оруулсан байна.


“НҮБ-60” марк нь Монгол шуудангийн 1082 дахь, НҮБ-тай холбоотой 7 дахь сэдвийн марк аж. Маркийн нэг хэлхээ нь 6000 төгрөг бөгөөд нийт 11 000 ширхгийг хэвлэсэн байна.

Холбоотой мэдээ