Бельгид ковидтой тэмцэх арга хэмжээг чангатгажээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-10-27 11:48:48

БРЮССЕЛЬ. /DW/. Бельгид коронавирусний тархалттай тэмцэх арга хэмжээг чангатаж байгааг тус улсын Ерөнхий сайд Александр Де Кроо мягмар гарагт коронавирустэй тэмцэх хорооны ээлжит бус хурлын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.  


“Коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдлын тоо 70 хувиар өсөж, өдөрт дунджаар 5300 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Хэрэв вакцинжуулалтын аян өрнүүлээгүй бол манай эмнэлгүүдийн байдал гамшгийн хэмжээнд хүрэх байсан. Ийм нөхцөлд орон даяар халдварын тархалттай тэмцэх арга хэмжээг нэгтгэх шаардлагатай байна" гэж тэрбээр мэдэгдсэн байна. Албан ёсны мэдээллээр, Бельгид 18-аас дээш насны иргэдийн 74 хувь нь хоёр тун вакцинд хамрагдаад байгаа бөгөөд 12-18 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ.


Вакцинжуулалт нь "цар тахалтай тэмцэх маш үр дүнтэй арга бөгөөд эмнэлэгт хүргэгдэх өвчтөнүүдийг тоог 70 хувиар, нас баралтыг 90 хувиар бууруулж байна" гэж Де Кроо онцолжээ. Өнгөрсөн долоо хоногт Бельгид “COVID-19-тэй” өвчтөнүүдээс өдөрт дунджаар эмнэлэгт хүргэгдсэн хүний ​​тоо 56 хувиар өсөж, 115 болсон бол нас барсан хүний ​​тоо 13 хувиар нэмэгдэж, өдөрт 13 болсон байна.


Царт тахалтай тэмцэх гол шинэ арга хэмжээ нь өмнө нь зөвхөн Брюсселийн холбооны бүсэд нэвтрүүлж байсан QR кодыг орон даяар ашиглах арга хэмжээ юм. Брюссельд вакцинжуулалтын түвшин улсдаа хамгийн доогуур байгаа бөгөөд насанд хүрсэн хүн амын 67 хувь нь вакцины хоёр тунг хийлгэжээ.


Цахим нэвтрэх картыг мөн 11 дүгээр сарын 1-нээс франц хэлээр ярьдаг өмнөд муж болох Валлония, нидерланд хэлээр ярьдаг хойд Фландерс мужид ашиглаж эхэлнэ. Түүнчлэн бельгичүүд одооноос эхлэн зөвхөн гурван тохиолдолд буюу дор хаяж хоёр долоо хоногийн өмнө хоёр тун вакцин хийлгэсэн бол, сүүлийн зургаан сард “COVID-19”-ийн халдвар аваад эдгэрсэн бол, эсвэл сүүлийн 72 цагийн дотор “PCR”-ийн шинжилгээ өгч, хариу нь халдваргүй гарсан тохиолдолд л ресторан, концертын танхим, кинотеатр, театр, спорт заалаар үйлчлүүлэх, мөн эмнэлэгт хүн эргэх боломжтой.


Түүнчлэн амны хаалт зүүж байгаа эсэхэд тавих хяналтыг улс орон даяар чангатгана. Бүх аж ахуйн нэгж, байгууллагуудад ажилтнуудаа алсаас ажиллуулахыг зөвлөж байгаа боловч энэ арга хэмжээг одоогоор заавал хэрэгжүүлэх албагүй юм. Эрх баригчид дахин хөл хорих талаар одоогоор хэлэлцээгүй байгаа боловч нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөхийг анхааралтай ажиглаж байна гэж Бельгийн Ерөнхий сайд онцлон тэмдэглэжээ


Холбоотой мэдээ