Суманд ажилладаг шүүхийн шийдвэрийнхэнд 30 сарын цалингийн урамшуулал олгоно

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-28 11:10:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэл, аймгийн төвөөс бусад газарт тасралтгүй 5 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа алба хаагчдад 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгохоор хуулийн төсөлд тусгажээ.


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулж, төслийн зүйл бүрээр хэлэлцсэн байна. Ингэхдээ төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан хууль хоорондын уялдааг хангах, нэр томьёог жигдлэх зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонх дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав. 


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, Ш.Адьшаа, Ж.Чинбүрэн, С.Одонтуяа нарын гишүүн асуулт асууж, хариулт авлаа. 


Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Хөдөө орон нутагт ажиллах төрийн албан хаагчдын тоо цөөрч байгааг дурдаад, эрүүл мэндийн салбарт урамшуулал олгодог байсан жишээ сайн үр дүн өгснийг тэмдэглэв. Тэрбээр, Шүүхийн шийдвэрийн албан хаагч хоригдож байгаа хүмүүстэйгээ хамт "хоригдож" байдгийг дурдав. Тиймээс нийслэл, аймгийн төвд ажиллаж байгаа албан хаагчид найман жил тутамд урамшуулал олгох саналыг хуулийн төсөлд тусгаж болох эсэхийг асуулаа. Мөн архины  хамааралтай хүнийг албадан эмчилж байгаа ажлыг шүүхийн шийдвэрийн алба хаагчид гүйцэтгэж байгааг дурдаад, түүнийг эрүүл мэндийн даатгалын сантай уялдуулж, эмчлэх талд анхаарах бодлого баримтлах боломжтой эсэхийг лавлалаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Суманд ажиллаж байгаа албан хаагчдын ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжих нь зөв гэдгийг дурдаад, архидан согтуурахтай тэмцэх чиглэлд хуулийн заалтыг хөндөх боломжгүйг хэллээ. Тиймээс дараагийн ээлжинд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санаачлах боломжойг илэрхийлэв. 


Байнгын хорооны дарга С.Бямбацогт гишүүдийн асуултад хариулахдаа, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд нийт 3113 алба хаагч ажиллаж байгаагаас нийслэлд 1528, орон нутагт 1585 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад зарим төрлийн нэмэгдэл олгож байгаа ч тэдний тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзсэн гэдгийг тайлбарлав. Тэрбээр, хуулийн төсөл аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа албан хаагч нарт урамшуулал олгох зорилготой гэдгийг тэмдэглээд, үүнд эхний удаад 6 тэрбум, цаашид жил бүр 1-2 тэрбум төгрөгийн зардал гарна гэдгийг тодотгов. 


Хорих, анги байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах алба хаагчдын тоо жилээс жилд буурч байгаа аж. Сүүлийн 3 жилийн тоон үзүүлэлтээр орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжээс 360 алба хаагч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, 1325 алба xaaгч шилжин томилогдох хүсэлт гаргасан байна.


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Засгийн газраас төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг нэгдсэн бодлогоор уялдуулах, цалингийн ялгаатай байдлыг цэгцлэх шаардлагатайг онцолж байв. 


Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан төслийн нэг зарчмын зөрүүтэй саналын томьёолоор санал хураан шийдвэрлэв. Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 

Холбоотой мэдээ