АНУ-д цахилгаан автомашины худалдааг 2030 он гэхэд 40 хувьд хүргэхийг зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-10-28 16:56:50

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. АНУ-ын Засгийн газар 2020 оны эцэс гэхэд тус улсад худалдаалагдаж буй автомашины 40-өөс доошгүй хувийг цахилгаан мотортой болгохоор автомашин үйлдвэрлэгчидтэй хэлэлцээ хийж байна. Гэвч энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Вашингтон цэнэглэх дэд бүтцийг бий болгоход оруулах олон тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хуульчлан батлах шаардлагатай болно гэж “Bloomberg” агентлаг бичжээ.


Америкийн автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашиныхаа загварыг нэмэгдүүлэхэд бэлэн гэдгээ хэдийнээ мэдэгдээд байгаа аж. Гэвч ийм тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн хэмжээний талаарх төлөвлөгөөгөө одоогоор аль нь ч зарлаагүй байна гэж агентлаг тэмдэглэжээ. Үүний тулд компаниудад төрөөс дэмжлэг хэрэгтэй бөгөөд үүний хүрээнд Засгийн газар цахилгаан автомашин цэнэглэх станцын өргөн сүлжээг бий болгоход татаас өгөх эсвэл санхүүжүүлэх боломжтой аж. Холбогдох хуулийн төслийг одоо Сенатын танхимд хэлэлцэж байгаа бөгөөд уг төсөлд цахилгаан машин худалдан авахад татварын хөнгөлөлт үзүүлэх, цэнэглэх дэд бүтцийг барихад 7.5 тэрбум ам.доллар гаргахаар тусгажээ.


Энэ оны гуравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден улс даяар 500 мянга хүртэлх цэнэглэх станц барих зэрэг цахилгаан тээврийн хэрэгсэлд оруулах хөрөнгө оруулалтад 174 тэрбум доллар хуваарилахыг Конгрессоос хүсжээ. Гэвч энэ асуудлыг хэлэлцэх явцад Сенатын зарим гишүүн эхлээд 15 тэрбум доллар, дараа нь 2.5 тэрбум болгож бууруулахыг шаардсан байна. Тиймээс хэрэв төсөл 7.5 тэрбум доллароор батлагдвал харилцан буулт хийсний дүнд баталсан гэдэг нь харагдана гэж “Bloomberg” тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ