“Crew Dragon” хөлөг Атлантын далайд газарджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /RIA Novosti/. “SpaceX” компанийн “Crew Dragon” сансрын жолоодлогот хөлөг даваа гаргийн орой Флоридагийн эргээс холгүй Атлантын далайд газардлаа гэж АНУ-ын сансар судлалын NASA агентлаг мэдээлжээ.
Уг хөлгөөр Олон улсын сансрын станц дээр /ОУСС/ зургаан сарын хугацаатай үүрэг гүйцэтгэсэн NASA-гийн сансрын нисэгчид болох Шэйн Кимброу, Меган МакАртур нар, мөн Европын сансрын агентлагийн сансрын нисэгч Тома Песке, Японы сансар судлалын агентлагийн сансрын нисэгч Акихико Хошидэ нарын "Crew-2” баг эх дэлхийдээ буцан ирж буй юм.
“Crew Dragon” хөлөг даваа гаргийн үдээс хойш ОУСС-аас автомат горимоор салсан байна. Хөлөг дэлхий рүү буцах чиглэлээ авахынхаа өмнө зургийг нь авахаар станцыг бүтэн тойрон нисжээ.
“Crew-2” багийнхан энэ оны дөрөвдүгээр сард ОУСС руу ниссэн бөгөөд Оросын сансрын нисэгчид болох Олег Новицкий, Петр Дубров, NASA-гийн сансрын нисгэгчид Майкл Хопкинс, Виктор Гловер, Шеннон Уолкер, Марк Ванде Хай, Японы сансар судлалын агентлагийн сансрын нисэгч Соичи Ногучи нартай нэгдсэн байна. Одоо станцад Роскосмосын сансрын нисгэгчид болох Антон Шкаплеров, Дубров, мөн Ванде Хай нар үлджээ.
Удахгүй гурав дахь баг “Crew Dragon” хөлгөөр ОУСС руу нисэх юм. Энэ багийн бүрэлдэхүүнд Америкийн сансрын нисгэгчид болох Ража Чари, Том Маршберн, Кайла Баррон нар, мөн Европын сансрын агентлагийн сансрын нисэгч Маттиас Маурер нар оржээ. Гурав дахь багийн нислэгийг 11 дүгээр сарын 10-нд товлосон байна.