Хэмжил зүйн зөвлөлийн ээлжит хурлаар 2 загварыг ашиглахыг зөвшөөрөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-11-15 15:59:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Стандарт хэмжил зүйн газар /СХЗГ/-ын Хэмжил зүйн зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах, чадавхийг үнэлэх, бүртгэх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.


Тухайлбал: Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах асуудлаар  “Эталон хэмжүүр” ХХК-ийн хүсэлтээр БНХАУ-ын “Jiangxi Zonjli High-Tech” Co.Ltd компанид үйлдвэрлэсэн GSC-200 загварын вагон жингийн загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхээр шийдвэрлэсэн байна.


Мөн “Ухаалаг сүлжээ” ХХК-ийн хүсэлтээр ОХУ-ын “Радио и Микроэлектроника” ООО компанийн РиМ 189.26, РиМ 489.26, РиМ 489.30  загварын 1 ба 3 фазын цахилгааны электрон тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхээр шийдвэрлэжээ.


Түүнчлэн хэмжил зүйн үйл ажиллагааны чадавхийг үнэлж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх асуудлыг авч хэлэлцжээ.


Тодруулбал, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын цахилгааны тоолуур импортлох, суурилуулах үйл ажиллагаа эрхлэх “Да хот” ХХК-ийг Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ