ЭНЭ САРЫН СОЁЛ УРЛАГ

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2021-11-18 15:29:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Монгол Улсын Засгийн газар энэ сарын 1-ээс эхлэн урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Соёлын яам тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг таниулах, сурталчлах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих Соёлын бүтээлч сар аяныг эхлүүлжээ.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганаар 2021 оныг "Тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч эдийн засгийн олон улсын жил" хэмээн зарласан хэдий ч энэ хугацаанд аюулт өвчний улмаас бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүхэлдээ зогсонги байдалд орсон. Дэлхий даяар цар тахлын дараах хэвийн амьдралын дүрмийг баримталж, эдийн засгаа сэргээхээр зүтгэж буй энэ үетэй хөл нийлүүлэн Монгол Улс соёлын салбараа сэргээх, бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх, баялаг бүтээх, эдийн засгийн тэргүүлэх салбар болох, дэлхийд өрсөлдөх боломжийг бий болгохоор зорьж буй. Үүнээс гадна Улаанбаатар хотод соёл урлагийн арга хэмжээнүүд ихээр зохион байгуулагдаж буй бөгөөд зарим нь хөл хорио тавигдсантай холбоотойгоор уран бүтээлээ үргэлжлүүлж буй цуврал төслүүд ч бий. Эдгээрээс тоймлон уншигчдадаа хүргэж байна. 



ЗҮҮДНИЙ ЦИРК


Уг арга хэмжээ нь театрын шинэ төрөл болох уншлагын хэлбэрийг Монголд анх удаа амилуулж байгаагаараа онцлогтой. Энэ нь театрчилсан тавилттай бус харин сонгогдсон зохиолыг мэргэжлийн жүжигчин уншиж танилцуулдаг орчин үеийн театрын сонирхолтой хэлбэр юм. Ингэснээрээ уншигч үзэгчид хэн нэгэн найруулагчийн хийцэнд баригдахгүйгээр өөрийн дүгнэлтийг хийх боломжийг олгодогоороо давуу талтай. Өмнө нь "Сартай уншлага"-ын хүрээнд Г.Аюурзанын "Цасны роман", Франц Кафкагийн "Хувирал" зэрэг туужийг үзэгчдийн хүртээл болгож байсан бол энэ удаад Эрин Моргенштерний "Шөнийн цирк" романыг сонгожээ. 


Үүрийн гэгээнээр хааж, үдшийн бүрийгээр нээгддэг шөнийн цирк. Хар судалт майхнууд, олон төрлийн амттан, утаа май, Селиа, Марко нарын тулалдаан, ороолт нь шувуу болж хувирсан олон гайхамшгийг танд үзүүлнэ. Уншиж дуусгамааргүй, хэзээ ч сэрмээргүй тийм л зүүдний ертөнц “Шөнийн цирк” романд гарна.




Харин “Сартай уншлага” төслийн хүрээнд “Зүүдний цирк” нэртэйгээр үзэгчдэд хүрэх бөгөөд энэ сарын 26-нд ганцхан удаа Улаанбаатар чуулгад тоглогдох юм. Энэ үеэр циркийн урлагийн шидэт үзүүлбэрүүд уншлагын театртай хосолж үзэгчдийн үлгэрийн мэт өгүүлэмжит ертөнцөөр хөтлөх гэнэ. 


ДОН КИХОТ


Мигель Де Сервантесийн "Ла Маншийн ноён Кихот” романаас сэдэвлэн, Мариус Минкусын хөгжмөөр дэглэсэн “Дон Кихот” балет энэ сарын 20, 20-ны өдрүүдэд нээлтээ хийнэ.  


Уг балет нь Китри, Базиль хоёрын хайр дурлал, тэдний дундуур хөндөлдөх баян тайж Гамаш, хүргэнээ сонгох гэж туйлбаргүй загнах Лоренцо нарын хөгтэй үйл явдлуудыг өгүүлнэ. Хэрмэл хөлөг баатар, адал явдал хайгч Дон Кихот хэдийгээр туслах дүрийн баатар боловч хайртай хосын хувь заяаг шийдэж буйгаар уг бүжгэн жүжигт гардаг билээ. Энэхүү алдартай балетийг 1971 онд Б.Жамьяндагва дэглэн, Ж.Чулуун удирдаж үзэгчдийн хүртээл болгож байв.


Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр 59 дэх улирлын нээлтийн хоёр дахь тоглолтоо Д.Нацагдоржийн зохиол, Б.Дамдинсүрэн, Б.Смирновын хөгжим “Учиртай гурван толгой” дуурийг тайзнаа амжилттай тавьж, үзэгчдэд хүргэсэн нь ийнхүү Л.Минкусын “Дон Кихот”-оор үргэлжилж байна.


ШУВУУЧЛАХУЙ




Монгол Улсын Соёлын Яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяны  хүрээнд Монголын арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэг, Монголын Шувуулахуй холбоо хамтран  “Шувуучлахуй” үзэсгэлэнг олны хүртээл болгож байна. Үзэсгэлэнд 20-иод уран бүтээлчдийн 50 гаруй арьсан хөөмөл ханын зураг, арьсан сүлжмэл зангилаан аргаар хийсэн баримал, шувуудыг чихмэл аргаар бүтээсэн баримал басхүү олон төрлийн материал ашиглаж  махчин шувуудын өвөрмөц донжийг гарган хийгдсэн бүтээлүүд тавигдах бөгөөд “Монголын Шувуулахуй холбоо”-ны үзүүлбэрийг  үзэх боломжтой.


Тус үзэсгэлэн нь соёлын биет бус өвийг урлагаар дамжуулан сурталчилж, уран бүтээлийн инноваци хийж таниулах, Монголын арьсан урлагийн уламжлалт арга биет бус өвийг хослуулан дэлгэрүүлэх зорилготой юм.


Монголчууд түүхийн бүхий л үе шатандаа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг уламжлалт технологиор боловсруулан өөрсдийн ахуйн хэрэгцээг хангаж эд ахуйн зүйлээ урлан бүтээж ирсэн баялаг түүхтэй. Монголын эзэнт гүрний үед уг арга нь ихээхэн дэлгэрч байсан тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн нь бий. Уран бүтээлчид “Монголын Шувуулахуй холбоо”-той хамтран бүтээлийн агуулга, судалгааны явцад хамтын үйл ажиллагаа хийж, харилцан туршлага солилцон зөвлөгөө авсны үр дүнд үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийг урлажээ. Үзэсгэлэн энэ сарын 18-аас 25-ныг хүртэл “Монгол арт галерей”-д болно.   


ГЭМ ЗЭМ ПОСТДРАМ




Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв болох “Русский дом” дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театрыг байгуулж нээлтийг нь Ф.М.Достоевскийн “Гэмт хэрэг ба ял шийтгэл” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” нэрт постдрамын жүжгээр хийхээр болжээ. Сонголтын хувьд гэвэл Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, нэрт зохиолчийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан олны хүртээл болгохоор шийдсэн нь энэ юм.


Тус жүжгийг өмнө Гётегийн “Фауст”-ыг үзэгчдэд хүргэж судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан М.Батболд найруулсан бөгөөд гол дүрүүдэд Ш.Доржсүрэн, Д.Түвшинбаяр, Х.Цасчихэр, Х.Баярмаа, Ж.Тэмүүлэн тэргүүтэй уран бүтээлчид тоглох юм. Мөн "Гэм зэм" жүжгийн гол дүр болох Родион Романович Раскольниковын дүрийг "Guys" хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, Аркадий Иванович Свидригайловын дүрийг Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Алена Ивановнагийн дүрийг Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг нар тус тус бүтээжээ.


“Гэм зэм” жүжгийн зохиолч Я.Баяраа “Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж”, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” зэрэг туульсын жүжгүүдийг эс тооцвол ийм өргөн хүрээг хамарсан жүжиг сүүлийн 30 жил тоглогдоогүй. Энэ хүмүүс юуны төлөө цугласан гэхээр цаана нь Ф.М.Достоевский бий” хэмээсэн юм. Тус жүжиг энэ сарын 25-нд  Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн театрт тоглогдоно.


МОНГОЛЫН ИХ ХАТАД




Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Монголын их хатад” туульсийн бүжгэн жүжиг шинэ өнгө төрхтэйгээр “Үндэсний урлагийн их театр”-т 19, 20, 21-ны өдрүүдэд тоглогдоно.


“Монголын их хатад” бүжгэн жүжиг нь түүхийн хуудаснаа алдар гавьяагаа мөнхөлсөн 9 хатны түүхэн үйл хэргийг тод томруунаар үзүүлсэн бүтээл юм. Уг нь бүтээл нь түүхэн цаг үеийн үйл явдлыг толилуулахаас гадна тухайн үеийн Монголчуудын уламжлалт соёл, зан заншил, бүжиг, хөгжим зэргийг судлан сэргээж тайзнаа амьдруулан тавьснаараа онцлогтой.


АНХ УДАА


СУИС-ийг төгссөн жүжигчин залуус “Black comedy” театр байгуулжээ. Тус театрын найруулагчаар Г.Ган-Очир ажиллах бөгөөд хошин урлагийн шинэ, сонирхолтой төрлөөр уран бүтээлээ туурвих аж. Тодруулбал, Монголд анх удаа орчин цагийн театр болон телевизийн шоу урлагийг хослуулсан инээдмийн цуврал тоглолтыг үзэгчдэд хүргэх юм. Түүнчлэн гэмт хэрэг, авлига, хээл хахууль, хүрээлэн буй орчны гамшиг, мансууруулах бодис, ялгаварлан гадуурхах зэрэг нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндөж дуу хоолойгоо хүргэхээр зорьжээ.


“Black comedy” театрын хамт олон эхний тоглолтоо энэ сарын 19-нд “Ауруг” төвд хүргэх бөгөөд дуу хөгжим, шоу бүжиг, циркийн үзүүлбэр, пантомимо зэрэг урлагийн олон төрлийг багтааж, тайзны урлагийг дэлгэцийнхтэй хослуулснаараа онцлогтой юм.

Холбоотой мэдээ