Нийслэл хот 205.3 тэрбум төгрөгийн өмч бүртгэн авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-11-19 07:50:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хот энэ оны 11 дүгээр сарын байдлаар 205.3 тэрбум төгрөгийн өмч бүртгэн авлаа.


Тодруулбал, НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор 60 нэр төрлийн барилга байгууламж, 140 ширхэг тээврийн хэрэгсэл бүртгэн авсан байна.


Харин 22.5 тэрбум төгрөгийн барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, бусад эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчөөс хасаж, 8.29 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлснийг НИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны хурлын үеэр мэдээлэв. Мөн нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлахаар баталсан эд хөрөнгийн ажлын явц, нийслэлийн өмчөөс хассан, шилжүүлсэн, нийслэлийн өмчид бүртгэсэн эд хөрөнгө, барилга байгууламжийн тайлантай танилцжээ.


Хурлаар Монгол Улсын Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотой төсвийн шинэ харилцаа болон нийслэлийн халамжийн салбарын зохион байгуулалт, санхүүгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэв.


Энэ үеэр хурлын Эдийн засаг, төсвийн хорооны дарга М.Халиунбат “Эдийн засаг, төсвийн хорооны энэ оны төлөвлөгөөнд тусгасан ажлаа дуусгаж байна. Хорооны 2022 оны ажлын төлөвлөгөөнд нийслэлийн өмчийн харилцаа, өмчийн ашиглалттай холбоотой ажлыг тусгах саналтай байна” гээд хорооны гишүүдэд ирэх онд хийх төлөвлөгөөт ажилд саналаа өгөхийг сануулжээ

Холбоотой мэдээ