Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг буцаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Т.Аюурсайхан нарын гишүүдийн өргөн барьсан Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг буцаах тогтоол батлав.
УИХ дахь МАН-ын бүлгээс энэ сарын 4-ний өдөр дээрх төслөөр авсан завсарлагааны хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар намын бүлэг хуралдаж, уг хуулийн төслийг дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гаргасан талаар мэдэгдлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан, Т.Аюурсайхан нар хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд Байнгын хорооны саналаар Автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжсэнгүй.
Иймд “Хуулийн төслийг буцаах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлагдсанд тооцов.