Их Британид зул сарын баяраар согтууруулах ундаа хомсдож магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-11-25 15:59:25

ЛОНДОН. /Reuters/. Их Британийн Засгийн газар ачааны тэрэгний жолооч нарын хүрэлцээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч зул сарын баярын үеэр согтууруулах ундааны хомсдол үүсэж магадгүй байгааг салбарын төлөөлөгчид анхааруулжээ.


Дарс, спиртийн төрлийн бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчдийн холбооны мэдээлснээр, “Moët Hennessy UK, Laurent-Perrier UK, "Pernod Ricard UK, C&C Group”, Matthew Clark” тэргүүтэй 49 компани жолооч нар болон ачаа тээврийн сааталтай холбоотой асуудлыг даруй зохицуулахыг Тээврийн сайд Грант Шеппс-т хаягласан захидалдаа уриалжээ.


“Яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол ачаа барааны хүргэлтийн асуудал улам даамжирна гэдэгт манай байгууллагын гишүүд санаа зовниж байна. Хүргэлт саатаж байгаа нь зардал нэмэгдэхээс гадна хэрэглэгчдэд хүрэх бүтээгдэхүүний нэр төрөл хязгаарлагдахад нөлөөлж байна” гэж холбооны тэргүүн Майлз Бил хэлжээ.


Тус холбооны мэдээлснээр, бараа бүтээгдэхүүн импортлох хугацаа жилийн өмнөхөөс тав дахин удаашраад байгаа бөгөөд өмнө нь 2-3 хоногт нийлүүлдэг байсан захиалга одоо 15 хоног болж уртасжээ. Мөн компаниуд ачааны тэрэгний жолооч нараа ажилд нь авч үлдэхийн тулд цалинг нь нэмж байгаатай холбоотойгоор тээврийн зардал долоон хувиар өсжээ.


Иймд Дарс, спиртийн төрлийн бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчдийн холбоо ачаа тээврийн салбарт үүсээд буй сорилт бэрхшээлүүдийг харгалзан дотоодын жолооч нарын тоог нэмэгдүүлэхэд цаг олгох үүднээс ачааны тэрэгний жолооч нарт түр виз олгох хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 28-наас хамгийн багадаа нэг жилээр сунгахыг Г.Шеппсээс хүсжээ.


Харин Их Британийн Засгийн газрын хувьд зул сарын баярын үеэр согтууруулах ундааны нийлүүлэлт тасалдахгүй гэж үзэж байгаа бөгөөд цар тахал, ачааны тэрэгний жолооч нарын хүрэлцээ зэргээс шалтгаалан ачаа барааны нийлүүлэлтэд үүсээд буй асуудлуудыг зохицуулахын төлөө шуурхай ажиллаж байгааг Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ