Ш.Батчулуун: Гэр амьтай бус, сургууль амьтай байхыг багш нартаа зөвлөдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-11-27 17:58:19

Увс /МОНЦАМЭ/. Өмнөговь сумын Ахлах сургуулийн захирал Ш.Батчулуунтай ярилцлаа. Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн өмнөхөн тус сургууль Монгол Улсын гавьяат эдийн засагч, Сангийн сайд асан Эрдэнийн Бямбажавын нэрэмжит сургууль болсон байна.


-Юуны өмнө сургуулийнхаа талаар ярина уу?

-Өмнөговь сумын Ахлах сургууль анх 1937 онд байгуулагдсан түүхтэй. Өдгөө 85 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хичээлийн жилд 1021 хүүхэд, 65 багш, нийт 100 орчим ажилтантайгаар говь нутгийнхаа хүүхэд, багачуудад сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойг салбарынхан маань бахдам амжилт бүтээлээр дүүрэн угтлаа. Ой угтсан гол ажил нь манай сургуулиас төрөн гарсан гавьяатуудын нэг болох Монгол Улсын гавьяат эдийн засагч, Сангийн сайд асан Э.Бямбажав гуайн нэрэмжит сургууль болох байсан. Энэхүү зорилго биелэлээ олсонд бид бүхэн баяртай байна. Улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулан, сум, аймаг, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөсөн бахархалт хүний нэрэмжит сургууль болсондоо манай хамт олон хүндэтгэлтэй хандаж, илүү хичээж ажиллахыг эрмэлзэж байна. Сургуулийн хувьд өнгөрсөн жил их засварт орсон бол энэ жил тохижилтын ажлууд хийж байна. Эхний ээлжинд ОНХС-гийн 60 сая төгрөгөөр гадна тохижилтын ажил хийлээ.

-Таны хувьд сургуультайгаа хэрхэн холбогдож байв?

-Би 2000 онд төрөлх сургуульдаа физикийн багшаар, 2003-2011 онд сургалтын менежер, 2011-2021 оныг хүртэл мөн физикийн багшаар ажилласан. Өнгөрсөн хавраас эхлэн сургуулийн захирлаар ажиллаж байна. Удирдах арга барилын хувьд өмнө нь 10 орчим жил сургалтын менежерээр ажилласан болохоор хамт олноо зөв чиглүүлээд, үр дүнтэй ажиллахыг хичээдэг. Манай сургуулийн багш нарын хувьд аливаа ажлыг шахуулахгүйгээр өөрийн санаачилгаараа хийдэг онцлогтой.

Удирдлагын зүгээс тэвчээртэй сууж хөдөлмөрлөдөг, ажлынхаа төлөө зүтгэж чадсан хүн л амжилт гаргадаг гэсэн гол зарчмыг баримталдаг. Энэ ч утгаараа багш нарыгаа гэр амьтай биш сургууль амьтай байх шаардлага тавьдаг. Ер нь гэр амьтай багш ховор доо. Өнгөрсөн он жилүүдэд сурагч нэг бүртэй тулж ажиллах, масс сургалтын чанар, багш нарын хөгжилд анхаарах, хамт олноороо хичээсэн зүтгэлийн үр дүн гэлтэй манай сургууль баруун бүс болон аймгийн хэмжээнд эхний гуравт эрэмбэлэгдсээр ирсэн нь үе үеийн удирдлага багш, ажилчдын ажлын үр дүн юм.

-Цар тахлын үе ч танхимын сургалтаар түлхүү хичээллэсэн гэж сонслоо?

-Өнгөрсөн жил цар тахлаас шалтгаалан бүх сургууль хичээл, сургалтын ажлаа цахим хэлбэрээр явуулсан. Танхимын хичээлийг хориглосон ч тухайн үед манай сум ногоон бүс байсан учир сумынхаа онцгой комисстой зөвшилцөөд 3-6-р сар хүртэл танхимаар хичээллэсэн. Мэдээж эрсдэл гаргахгүйн тулд халдар хамгаалал, анги танхимын дүүргэлт гээд дотоод зохицуулалтад анхаарсан ч сургууль хаах түвшинд 2 удаа хүрсэн. Гэвч ариутгал, халдвар хамгааллыг сахиж хариуцлагатай ажиллаж чадсан.

-Эрсдэл сөрөн ажилласны үр дүнд сургалтын чанарт ахиц гарсан байх?

-Цахим хичээлээс илүү танхимын сургалтын үр өгөөж асар их байдаг. Энэ ч утгаараа манай хамт олон аль болох боломжид тулгуурлан танхимын хичээлийг түлхүү орсны үр дүн гарсан. Тухайлбал ЭЕШ-ын дүнгээр манай сургууль аймгийн дунджаас 32,3 хувиар дээшээ ахисан үзүүлэлттэй байна. Мөн 9-р ангийн шалгалтын 9 судлагдахуунаар авсан шалгалтын дүнгээр сургууль болон аймгийн дунджаас хичээл тус бүрд ахисан үзүүлэлттэй гарсан.

Нэг ёсондоо танхимын сургалтыг чухалчилж, масс сургалтад илүү анхаарч ажилласан. Хөдөө багт байгаа хүүхдүүд маань онлайн ашиглах боломжгүй учир багш нар хөдөөгийн бүх багт хүрч ажилласан. Сурагчдын даалгаврыг цаасан хэлбэрээр хүргэх, зөвлөн туслах ажлыг амжилттай зохион байгуулсан. Цар тахлын нөлөөтэй ерөнхий боловсролын сургалтын хувьд хоцрогдол үүссэн учир он дуустал хичээл шахах, агуулгаар нь нөхөж байна. Саяхан Боловсролын үнэлгээний төвөөс гарааны үнэлгээний шалгалтууд авсан. Хоёр жилийн хугацаанд тогтмол хичээл ороогүйтэй холбоотой хүүхдүүд жаахан задгайрах тал байсан ч богино хугацаанд хэвийн байдалдаа шилжээд байна. Одоогоор сургалтын үйл ажиллагаанд үүссэн хүндрэл байхгүй.

-Бүсийн томоохон сургуулийн хувьд бахархах зүйл олонтой байх?

-Манай сургуулийн түүхэн амжилтууд, төрөн гарсан алдартнуудаас дурдвал Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Б.Дэжид, Сангийн сайдаар 2 удаа сонгогдон ажилласан Э.Бямбажав, Эрүүлийг хамгаалахын сайд Д.Мөнхөө, Соёлын яамны орлогч сайд Л.Чулуунбаатар гэх мэт төр нийгмийн зүтгэлтэн, сайд 17, Б.Жанцансамбуу, Н.Буянжаргал, Ж.Пүрвээ нарын Хөдөлмөрийн баатрууд, спорт, улс төр, боловсрол, уул уурхай зэрэг салбараас төрсөн 17 гавьяат, 29 доктор, профессор, улсын аварга 15, спортын мастер 18, Улсын аварга, улсын сайн малчин 12 төрсөн гээд олон зуун бахархалт хүмүүс ууган сургуулийн минь бахархал, хүндэтгэл билээ. 

-Хөдөө суманд ажиллаж байгаа багш нарын өмнө тулгамдсан ямар асуудал байна вэ?

-Багшийн хөдөлмөрийг үнэлэх тал дээр ярих зүйл олон бий. Мөн хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарт тоног төхөөрөмжийн асуудал хүндрэлтэй байна. Хамгийн сүүлд 2015 онд Л.Гантөмөр салбарын сайдаар ажиллаж байхдаа Lenovo брэндийн компьютер өгсөн. Ашиглалтын хугацаа 4 жил байдаг ч 6 дахь жилдээ ашиглаж байна. Ер нь цалин хөлс, тоног төхөөрөмж муу байна гээд багш нар ажлаас хойш сууж, бэрхшээл яриад байдаггүй. Гарын доорх материал, боломжоо ашиглаад хичээлээ тасралтгүй явуулдаг. Аймгийн төвийн хүүхдүүд онлайн хичээлд хамрагдах боломж нь нээлттэй, харин хөдөө сумдад ухаалаг утас, сүлжээний асуудлаас болоод бүрэн хамрагдаж чадахгүй байна. Тэгэхээр сумын багш нар хоцрогдсон сурагчидтай ажиллахын тулд илүү цагаар ажилладаг.

Ер нь бол багшийн хөдөлмөрийг харьцангуй бага үнэлдэгт салбарынхан санал нэгтэй байгаа байх. Хөдөөгийн багш нар ажилдаа дуртай, мэргэжилдээ хайртай учраас л бор зүрхээрээ ажиллаж, амьдарч байна даа.

-Ярилцсанд баярлалаа.


Холбоотой мэдээ