ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-ын Элчин сайдтай уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-11-29 14:27:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзан, Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагааны талаар ярилцав.


Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх шуурхай штабаас гаргасан Эрээн боомтоор чингэлэгт ачаагүй импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэрийн талаар Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тодруулав. Элчин сайд Цай Вэньруй энэ талаар албан ёсоор мэдээлэл аваагүй байна гээд, төвийн болон орон нутгийн байгууллагуудаасаа мэдээлэл авч шуурхай хариу өгөхөө илэрхийлэв.


Сүүлийн өдрүүдэд ӨМӨЗО-ны Манжуур хотод коронавирусний тохиолдол олноор бүртгэгдсэн, дэлхийн зарим улсад вирусний шинэ хувилбар илэрсэнтэй холбогдуулан БНХАУ урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг сайжруулах арга хэмжээ авч буйг Элчин сайд тэмдэглэв.


Мөн үеэр нар Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг чингэлэг солилцох байдлаар зохион байгуулах хоёр талын бэлтгэл ажлын явцын талаар санал солилцож, тээврийг аль болох эрт эхлүүлэхээр хоёр талын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ