В.В.Абрамченко: УБТЗ өмнөх он жилүүдэд хэрэгжүүлж ирсэн стратегийн бодлогын хүрээнээс давж хөгжөөсэй

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-12-02 13:41:29

Орос-Монголын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын 23 дахь хуралдаан 11 дүгээр сарын 26-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Хуралдааныг Монголын талаас Шадар сайд С.Амарсайхан, Оросын талаас Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко нар даргалсан юм.


ОХУ-ын төлөөлөгчдийг тэргүүлж манай улсад айлчилсан хатагтай В.В.Абрамченко эдийн засагч Д.Жаргалсайханы хөтлөн явуулдаг "ДеФакто ярилцлага" нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгснийг уншигч та бүхэнд толилуулж байна.  


-Сайн байна уу, манай хөтөлбөрт тавтай морилно уу! Өнөөдөр болсон Орос-Монголын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын 23 дахь хуралдаан саяхан өндөрлөж, протоколд гарын үсэг зурлаа. Энэ үйл явдал манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд болж байна. Таны үзэж байгаагаар, өнөөдөр гаргасан Комиссын шийдвэрт ямар томоохон чухал төслүүд тусгалаа олсон бэ?


- Энэ бол бидний хувьд чухал зүйл бөгөөд хамтын ажиллагаа, хөгжлийн цаашдын чиглэлийг тодорхойлон харуулж байгаа юм. Өнөөдөр бид хэд хэдэн томоохон цогц асуудлыг авч хэлэлцлээ. Хязгаарлагдмал хүрээнд, комиссын хуралдааны явцад хэлэлцсэн эхний томооохон асуудал бол тээврийн салбарын хөгжил. Мэдээж хэрэг, удаан ярилцлаа, ихээхэн зүйлийг нарийвчлан ярилцлаа, тодорхой хэлбэл, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөгжлийн асуудлаар ярилцлаа. Энэ төмөр зам өргөжин хөгжөөсэй, өмнөх он жилүүдэд хэрэгжүүлж байсан стратегийн бодлогын хүрээнээс давж гараасай гэж хүсэж байна. Энэ хүрээнээс гарахын тулд хэд хэдэн асуудлыг, тэр дундаа уг нийгэмлэгийг удирдахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Энэ талаар бид нарийвчлан ярилцсан. Мөн дэд бүтцийн бусад төслийн талаар, авто замыг хөгжүүлэх асуудлыг хөндлөө. Энэ хүрээнд Орос, Монголын жуулчид чөлөөтэй аялдаг байхын тулд Монголын аялал жуулчлалын салбарын нөөц боломжид тохируулан ОХУ-ын хил залгаа субъектүүд ба Монголын хойд нутгийн хоорондын хэлхээ холбоог хөгжүүлэх талаар ярилцсан. Үүний тулд манай улсын хил залгаа субъектүүд болон Монголын тухайн нутаг дэвсгэрийн хооронд тээврийн харилцаа хэрэгтэй. Мөн эрчим хүчний талаар нэлээд ярилцлаа. Энэ бол бидний хувьд чухал чиглэл. Орос, Монгол ба Хятадаар дамжих хий дамжуулах хоолой барих хамтарсан төслийг хэрэгжүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэлээ. Харилцан зөвшилцсөний дагуу уг хий дамжуулах хоолойн асуудлыг техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах шатанд хэлэлцэж байгаа бөгөөд уг баримт бичгийг 12 дугаар сарын эхээр дуусгаж бэлэн болгоно хэмээн бид хүлээж байгаа. 


-Энэ нь гурван талт баримт бичиг байх болов уу?


-Энэ бол тухайн төслийн техник-эдийн засгийн үндэслэл юм. Мэдээж хэрэг, Орос, Монгол, Хятадын нутаг дэвсгэрт хэрэгжих гурван талт төсөл.


-Манай улсын Ерөнхийлөгч удахгүй танай улсад айлчилж, танай улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, энэхүү төслийн хүрээнд хийх дараагийн алхмын талаар тохиролцоно хэмээн олон нийт хүлээж байна?


-Тиймээ, хүмүүнлэгийн салбараас эхлээд өмнө нь миний хэлж байсан эрчим хүч, тээврийн салбар дахь хамтын ажиллагааны бүхий л асуудлыг дээд зэргээр, бодитойгоор боловсруулах талаар би ажил мэргэжил нэгт нөхөр, Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд С.Амарсайхантай тохиролцлоо. Энэ бол хоёр улсын ерөнхийлөгч нарын уулзалтын өмнө бидний өмнө тавигдаж буй зорилтуудыг бодитойгоор хэрэгжүүлж эхлэхэд үнэхээрийн чухал юм.  


-УБТЗ-ын тухайд нэг асуулт байна. Улаанбаатар хотыг тойруулан төмөр зам барихаар тус нийгэмлэг төлөвлөж байгаа гэж би ойлгосон. Энэ талаар та бүхэн ярилцав уу?


-Энэ шинэчлэлийн асуудлыг одоо хэлэлцэж байгаа. Шийдвэр одоохондоо гараагүй, гэхдээ хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд хэвээр байгаа. Чиглэлийн яам байгууллагууд УБТЗ-ыг шинэчлэх асуудлыг боловсруулах үүрэг даалгаврыг хүлээж авсан. Төмөр замаар тээвэрлэх ачааны урсгал, хил дамнасан ачаа тээвэр, чингэлэг тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд энэ шинэчлэл тун чухал.


-Та өөрийн эрх мэдлийн хүрээнд олон асуудлыг хариуцдаг юм байна. Хөдөө аж ахуй, байгалийн нөөц ашиглалт, экологи гэх мэтчилэн. Эдгээр нь чухамдаа хоёр улсын хоорондын хамтын ажиллагаанд ихээхэн нөөц боломжийг агуулж буй чиглэл салбарууд гэж хэлж болно. Саяхан болж өнгөрсөн Оросын хөдөө аж ахуйн техникийн “Спецмаш-2021” үзэсгэлэнд би оролцож, маш том овор хэмжээтэй техник тоног төхөөрөмжүүдийг үзэж харлаа. Маш олон монголчууд тэдгээрийг худалдан авах сонирхолтой байсан. Энэ салбарт та ямар ямар төслүүдийг онцлох бол?


-Бидний худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлүүдийн нэг болохын хувьд Орос-Монголын худалдааны нийт дүнд эдгээр хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн томоохон жин дардаг. Ташрамд дурдахад, Оросын тал Монгол руу хийж буй хүнсний барааны экспортоо нэмэгдүүлэх сонирхолтой байгаа. Монголын талын сонирхож буй хэд хэдэн гол чиглэл бий. Эдгээр нь улаан буудай, рапсын үр, наранцэцгийн тос, мөн чихрэн бүтээгдэхүүн юм. Бид эдгээр барааны нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэх, нэр төрлийг нь олшруулах сонирхолтой байгаа. Учир нь, газар тариалангийн их гүрэн болох том амбицтай зорилтыг бид өмнөө тавьсан билээ. ОХУ-ын хувьд үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л зүйл бий-цэвэр хөрс, усны нөөц, технологи гэх мэт.  Монголын талын сонирхлын тухайд гэвэл, Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүнийг ОХУ-д нийлүүлэх боломжуудыг бид хэлэлцсэн. Ийм чиглэлийг бид дэмжиж байна. Энэ асуудлыг нарийвчлан боловсруулахаар бид тохиролцсон, ингэхдээ малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдалтай холбоотой дүрэм журмыг заавал мөрдөх ёстой гэсэн ганцхан нөхцөл болзлыг л тавьж байгаа.


Таны хэлсэн нөгөө чиглэлийн тухайд, энэ бол хөнгөн үйлдвэрээс эхлээд хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлтэй холбоотой цогц асуудал мөн. Монголын тал Оросод үйлдвэрлэсэн машин, тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн техник, вагонуудыг худалдан авах сонирхолтой байгаа нь үзэсгэлэнгийн үеэр харагдсан. Одоо эл салбар идэвхтэй хөгжиж байна. Монголын хувьд, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, тухайлбал, ноолуур, хивс, арьсан эдлэл зэрэг бүтээгдэхүүнээ манайд нийлүүлэх сонирхолтой байна. Бид ч гэсэн тухайн чиглэл дэх хоёр талын худалдааны нөөц боломжийг нэмэгдүүлэх асуудлыг боловсруулж эхэлсэн. Өнөөдөр хэлэлцсэн өөр нэгэн чиглэл бол манай улсын хөгжлийн хүрээлэнгийн /ВЭБ.РФ - Оросын төрийн өмчит Хөгжлийн корпорац/ зүгээс олгох зээлийн эх үүсвэрээр Монголын нутаг дэвсгэрт хоёр элеватор барих асуудлыг хэлэлцлээ.


-Энэ онд Монгол Улс өөрийн хэрэгцээнээс илүү их хэмжээний ургац хураан авлаа. Тэгэхээр ийм элеваторуудыг барих нь үнэхээрийн сайн хэрэг. Та хэллээ, Орос улс газар тариалангийн их гүрэн болохоор төлөвлөж байгаа, болж ч байна гэж. Энэ онд ч гэсэн Орос улс байгалийн бусад баялагтай харьцуулахад газар тариалангийн бүтээгдэхүүнээсээ илүү их орлого олсон гэж сонссон, энэ үнэн үү?


-Тийм ээ. Сүүлийн хэдэн жилд Оросын хүнсний бүтээгдэхүүний экспортын хэмжээ санхүүгийн үзүүлэлтээрээ хийн орлогоос давж гарлаа. Энэ бол бидний хувьд бахархалтай хэрэг бөгөөд энэ салбарыг бид цаашид хөгжүүлэх болно. 


-Энэ нь тухайн салбарт бидний харилцааг өргөжүүлэхэд томоохон түлхэц өгнө гэж бодож байна?


-Яг тийм. Өнөөдөр болсон Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаанаар хэлэлцсэн сэдвүүдийн нэг нь энэ байсан гэдгийг би дурдмаар байна. Өнөө үед Орос, Монгол хоёр улс хоёулаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудалтай нүүр тулж байна. ОХУ-ын газар тариалангийн үндсэн бүс нутгууд байнга тохиох ган гачиг, аадар бороо, мөндөр болон цаг уурын бусад таагүй нөхцлийн улмаас хохирол амсаж байна. Бид энэ онд Цөлжилттэй тэмцэх төвийг байгуулах шийдвэр гаргалаа. Монголын тал энэ чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Энэ бол маш чухал асуудал гэж би бодож байна. Энэ нь бидний хойч үеийнхэнд ирээдүйдээ итгэлтэй байж, хүнсний аюулгүй байдлаа хангах боломжийг олгоно. Үр хүүхдүүд маань өөрсдийгөө хүнс тэжээлээр хангах боломжтой байхын тулд энэ талаар бүр өнөөдрөөс санаа тавьж байх нь бидний үүрэг мөн. 


-Хоёр орны худалдааны тэнцлийн асуудлыг хөндөж яримаар байна л даа. Энэ онд Монголын хувьд чухам эдгээр бүтээгдэхүүний экспорт өсөж, цар тахлын өмнөх үеийн бараг 1/3-д хүрээд байна. Миний бодлоор, хоёр талын худалдаанд Оросын экспорт, Монголын импорт, ялангуяа шатах тослох материал бараг 80 хувийг эзэлж байгааг тэнцвэржүүлэх хэрэгцээ шаардлага байна. Энэ чиглэлд худалдааг илүү тэнцвэртэй болгохын тулд бид чухам юуг анхаарах, юу хийх ёстой гэж Та үзэж байна вэ?


-Би энэ тухай өмнө нь ярьсан. Уламжлал ёсоор өөрсдийн илүү боломжтой чиглэлүүдийг хөгжүүлэх хэрэгтэй, өөрөөр хэлбэл, хөнгөн үйлдвэр, нүүдлийн мал аж ахуй гэх мэт. Оросын хэрэглэгчдийг танай бүтээгдэхүүнтэй танилцуулах, уг бүтээгдэхүүн нь чанартай гэдгийг мэдрүүлэхийн тулд тухайн чиглэлийг хөгжүүлэх хэрэгтэй юм. 


-Үүнээс гадна, Орост нийлүүлж буй манай бараа бүтээгдэхүүнд гаалийн өндөр татвар ногдуулдаг тухай асуудал бий. Хоёр улсын Засгийн газар эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ?


-Өнөөдрийн хэлэлцүүлгийн явцад бид гаалийн тарифыг зохицуулах асуудлыг ч мөн хөндсөн. Одоогоор Евразийн эдийн засгийн холбоо ба Монголын хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг хэлэлцэж байгаа гэдгийг та мэдэж байгаа. Өнөөдрийн хуралдааны явцад өрнөсөн яриа хэлэлцээний хүрээнд Оросын Эдийн засгийн хөгжлийн яам маш дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэлтэй танилцуулга хийсэн. Ийм хамтын ажиллагаа нь, тухайлбал гаалийн татварыг тэглэх зэрэг нь Монголын эдийн засагт ямар эерэг үзүүлэлтүүдийг авчрах вэ гэдгийг тоо баримтаар харууллаа.


- Монгол Улс эхлээд тус байгууллагын /Евразийн Эдийн засгийн холбоо/ ажиглагч болох боломжтой юу?  Тухайлбал, ШХАБ-д Монгол Улс ажиглагчийн статустай байгаагийн нэгэн адилаар? 


-Тиймээ, Монгол Улс ШХАБ-д олон жилийн турш ажиглагч гишүүн байгааг би мэднэ. Ташрамд дурдахад, Монгол Улс энэ тал дээр бүрэн хэмжээний оролцоотой болох явдлыг Орос улс дэмжиж байгаа. Миний бодлоор, ингэснээр ажиглагч байсантай харьцуулахад Монголын эдийн засагт илүү олон эерэг зүйлийг авчирна. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар цаашид хэрхэх вэ гэдэг тухайд, Монголын, Оросын талын ажил мэргэжил нэгт нөхөд маань хэлэхдээ, уг ажил ирэх оны 2 дугаар улиралд дуусна гэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хэлэлцээрийг байгуулахтай холбоотой нарийн ширийн асуудлуудыг тэд яг одоо идэвхтэй хэлэлцэж байна.


-Хоёр улсын иргэд, ард түмнийг илүү ойртуулахад орос хэл чухал. Орос хэлийг түгээн дэлгэрүүлэх тал дээр ямар төслүүдийг бид хэрэгжүүлэх боломжтой вэ? Комиссын хуралдааны үеэр та бүхэн энэ асуудлыг хэлэлцсэн үү? Улаанбаатарт орос сургууль нээх талаар ярилцаж байгаа бололтой? Энэ бүхэн хэрэгжих ямар бодит боломжууд бий вэ? 


-Энэ бүхэн хэрэгжих бодит боломж бий. Орос хэлийг идэвхтэй түгээн дэлгэрүүлж буй цөөхөн улс орнуудын нэг бол Монгол гэдэгт Оросын тал сэтгэл хангалуун байдаг. Танай дунд сургуулиудын 7-9-р ангид орос хэл бол заавал үзэх ёстой хичээл юм байна. Энэ нь хүмүүнлэгийн салбар дахь хоёр талын хэлхээ холбоог бэхжүүлэх, бие биенээ таниж мэдэх, ойртон нөхөрлөх, хоёр ард түмний соёлыг ойлгоход тустай. Өнөөдөр бид сургууль байгуулах асуудлыг буюу яг барих тухай биш ч бэлэн объектыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Бидний ойлгосноор, Монголын талд хэд хэдэн хувилбар байна. 9 дүгээр сарын 1 гэхэд хүүхдүүд Орос-Монголын хамтарсан сургуульд явах уу гэдэг нь Оросын тал болон Монголын түншүүдээс маань шалтгаалж байна.


-Ямартаа ч ийм нөөц боломжууд бий. Зөвлөлтийн, дараа нь Оросын их дээд сургуулиудыг төгссөн хүмүүсийн тухайд би ярьж байна л даа. Тэд өнөөдөр төгссөн сургуулиараа нэгдэж холбоо байгуулсан. Жишээ нь, би гэхэд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч. Тус сургуульд тогтсон уламжлалын дагуу бид Оросын оюутны өдөр буюу Татьянин день гэж тэмдэглэдэг. Хэрвээ хуучин Зөвлөлтийн, мөн Оросын их дээд сургуулиуд өөрсдийн төгсөгчдийн холбоодтой хамтран ажиллах аваас илүү ойр дотно байх үндэс суурь бий болно гэж надад бодогддог. Энэ тал дээр ямар нэгэн зүйлийг хийх боломж бий юү?


-Энэ бол үнэхээрийн сайхан, маш оновчтой санаа байна. Ийм санааг хэрэгжүүлэхийн тулд Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны нөхдөд энэ талаар би заавал ярьж хэлэх болно. Төгсөгчид хоорондоо холбоо харилцаа тогтоож, хоорондоо харилцаж байх нь маш зүйтэй, учир нь, чухамдаа хувь хүмүүс хоорондын ийм харилцаан дээр улс орнууд хоорондын сайн хөршийн найрамдалт харилцаа тогтдог шүү дээ. 


-Ингэхэд та Сибирь нутгийн бүсгүй гэв үү?


-Тийм ээ, би Сибирийн хүн.


-Та Монголд анх удаа ирж байгаа юм байна. Тантай уулзаж ярилцсан хүмүүсийн харьцаанаас танд ямар сэтгэгдэл төрсөн бэ? Мэдээж зам зуураа бас манай нийслэл хоттой товч танилцсан болов уу?


-Би Сибирь нутгийн эмэгтэй. Хакаст төрсөн. Өнөөдөр ноён Ерөнхийлөгч У.Хүрэлсүх надад мөн ижил асуулт тавьсан. Монголд анх удаа айлчлахдаа Улаанбаатар ба Монгол орны талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ гэж. Айлчлал богинохон хугацаанд явагдсан, гэхдээ Монгол орон миний төрөлх бага Эх оронтой минь үнэхээрийн төстэй санагдлаа. Би Хакаст төрсөн, энэ бол мөн л тал нутаг. Байгалийн төрх байдал нь Монголынхтой тун төстэй. Дэлхийн II дайны дараа Монгол Улс ЗХУ-тай нягт хамтран ажиллаж хөгжиж ирсэн учраас объектууд, орон сууцнууд, оффисын барилгууд нь хоорондоо ижил төстэй байгааг би харлаа. Биднийг олон зүйл холбож нэгтгэж байдаг учраас миний хувьд Монголд ирээд тун тааламжтай байна.  


-Оросын /Зөвлөлтийн/ эрдэмтэд, мэргэжилтнүүдтэй хамтран олон ч төслийг хэрэгжүүлсэн, олон ч зүйлийг барьж байгууллаа. Танай улсад манайхтай ижил авто замын түгжрэл гэж байдаггүй байх? Хот төлөвлөлтийн асуудал гэж гараад ирлээ, тухайн үед манай хот жижигхэн байлаа. Ташрамд дурдахад, Монгол Улсын Их Сургууль нь Москвагийн Их Сургуулийн багш нарын тусламжтайгаар 1940-өөд оны үед байгуулагдсан, дараа нь анагаах ухааны гэх мэтчилэн салбарлан өргөжсөн. Өнөөдөр олон монгол хүн, жил бүр 500 орчим оюутан /цар тахал дэгдээгүй байх үед/ Орост суралцахаар явж байна. Энэ бол бид илүү ойроос харилцах боломж, бие биенээ жирийн хүний ёсоор ойлгож мэдэх боломж гэж би боддог. Мөн 100 жилийн ойн хүрээнд болж буй өндөр дээд хэмжээний уулзалтууд үүнд тус дөхөм болж байна. Ийм учраас энэ онд олон олон үйл явдлууд өрнөж, та манай оронд ирж, надтай ярилцлаа. Засгийн газрын түвшинд төдийгүй бизнесийн хүрээнд хамтран ажиллах асар их боломжууд бий гэж би боддог. Ташрамд дурдахад, Оросын олон компани Монголд ирж бүтээгдэхүүнээ танилцуулж байхыг би харсан. Маш их хүчин зүтгэл гаргаж буй Оросын Шинжлэх ухаан, соёлын төв, танай Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг онцолмоор байна. Энэ бол сайн сайхан ирээдүй, өргөн хүрээтэй хамтын ажиллагааны онцгой сайхан эерэг хандлагуудын илэрхийлэл юм. Танд маш их баярлалаа. 


-Ярилцлага авсан танд баярлалаа. Энэ завшааныг ашиглан өнөөдөр тохиож буй Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Монголын бүх иргэдэд баярын мэнд хүргэе.

 

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Виктория Валериевна Абрамченко-гийн товч намтар

-1975 оны 5 дугаар сарын 22-нд Хакасын Черногорск хотод төрсөн. 

-1998 онд Красноярскийн газар тариалангийн улсын их сургуулийг, 2004 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын төрийн албаны академийг тус тус төгссөн.

-1998-2000 онд ОХУ-ын Холбооны газрын нөөц ба газар зохион байгуулалтын Хороо (Роскомзем)-нд ажиллаж байв.

-2000-2001 онд Холбооны төрийн өмчит «Газрын кадастрын танхим» байгууллагад ажиллажээ.  

-2001-2005 онд Росземкадастр, Роснедвижимость зэрэг төрийн байгууллагуудад орлогч дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байв.

-2005-2011 онд Оросын Эдийн засгийн хөгжлийн яаманд Үл хөдлөх хөрөнгийн газрын дэд захирлын албан тушаалыг хашиж байв.

-2011-2012 онд Холбооны улсын бүртгэлийн /Росреестр/ албаны орлогч дарга

-2012-2015 онд ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны Газрын бодлого, өмчийн харилцаа ба төрийн өмчийн газрын захирал,

-2015-2016 онд ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга,

-2016-2020 онд ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны орлогч сайд – Улсын бүртгэл, кадастр ба газрын зургийн Холбооны албаны дарга,

-2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын Засгийн газрын орлогч даргын албан тушаалд томилогдсон.

-“Эх орны өмнө гавьяа байгуулсны төлөө” II зэргийн одонгоор шагнуулсан.

 

 

 

 

Холбоотой мэдээ