ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд Д.Зүмбэрэллхамыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-12-01 15:58:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд Д.Зүмбэрэллхамыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох бол, шүүгч бус бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилох хуулийн зохицуулалттай. УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 25-ны нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Наранчулууны Отгончимэг, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг, Навагчамбын Баасанжав, Ренчиндоржийн Онончимэг нарыг томилсон юм. Харин нэр дэвшигч Д.Эрдэнэчимэгийг томилхоос татгалзсан. Иймд Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтаар 6 дугаарт эрэмбэлэгдсэн Д.Зүмбэрэллхамыг үлдсэн нэг орон тоонд нэр дэвшүүлж байгаа аж.


Нэр дэвшигчийг байнгын хорооны гишүүдийн 60 хувь дэмжиж, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Холбоотой мэдээ