Японы Сансрын агентлаг Рюгү солирын дээжээс “NASA”-д хүргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2021-12-07 14:42:13

ТОКИО. /NHK/. Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ Hayabusa-2” аппаратаар Рюгү солироос цуглуулсан дээжээсээ АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэх судлах төвд /NASA/ хүргүүлжээ.  


Тус аппарат нь Рюгү солирын дээж бүхий бортогыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 6-ны өдөр дэлхийд буулгасан бөгөөд тийнхүү Японы судалгааны хүрээлэнгүүдийн эрдэмтэд дээжийг судалж эхэлсэн юм.


Даваа гарагт бортогыг хүлээн авсны нэг жилийн ойг тохиолдуулан Японы Сансар судлалын агентлагийн “Hayabusa-2” аппаратыг хариуцсан төслийн баг хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ. Энэ үеэр Рюгү солирын дээжээс 0.5 грамм буюу 10 хувийг нь “NASA” руу 11 дүгээр сарын сүүлээр илгээснээ мэдээлсэн байна.


JAXA” дээжийн хэлбэр, өнгө гэх мэт бусад мэдээллийг агуулсан санг ирэх нэгдүгээр сарын дунд үеэс олон нийтэд дэлгэнэ. Мөн дэлхий дахины судлаачдаас судалгааны саналуудыг хүлээн авч, хамгийн сайн санал тавьсан талуудад дээжээс илгээхээр төлөвлөж байгаа ажээ.


Тус агентлагийн мэдээлснээр, Японд хийсэн судалгаа шинжилгээгээр солирт ус, органик бодис буй байдал ажиглагджээ. Төслийн менежер Цүда Юүичи энэ тухайд, хилийн чанадад хийгдэх судалгаагаар Японы судлаачдын хүрсэн дүгнэлтийг батлахын сацуу шинэ нээлт хийнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.


Мөн Рюгүгийн элсний дээжийг Канагава мужийн Сагамихара хотын музейд даваа гаргаас дэлгэжээ. Ийнхүү музейд сугалаагаар сонгогдсон 240 орчим хүн зочилж, ойролцоогоор хоёр мм-ийн диаметртэй элсний дээжийг үзэж сонирхжээ. “JAXA”-гийн судлаач Яда Торүгийн хувьд энэхүү дээжээс дэлхий ба усны гарал үүслийн талаар мэдээлэл олох магадлалтай гэдгийг онцлоод, хүн төрөлхтний хувьд үнэт эрдэнэ гэж тодорхойлжээ. 

Холбоотой мэдээ