УБТЗ гол замдаа засвар хийж, өртөө, зөрлөгүүдээ өргөтгөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-12-07 14:47:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ ХНН энэ онд гол замд 80 км их засварын ажил хийжээ. Мөн 7 өртөө зөрлөгийн замыг өргөтгөж, алсын автомат удирдлагатай 1 зөрлөгийг шинээр байгуулсан байна. Ингэснээр төмөр замын нэвтрүүлэх хүчин чадал ахиж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, төмөр замын тасралтгүй, найдвартай байдал улам сайжирч байгаа аж

Сүүлийн жилүүдэд төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН ийнхүү тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ирсэн талаар ЗТХЯ-наас мэдээллээ. Замын их засварын ажлын хүрээнд Толгойт-Амгалан хоорондын 17 км замыг, мөн Замын-Үүдээс улсын хил хүртэлх 3.3 км замыг шинэчлэх ажил багтжээ.

Монгол Улсын нийт ачаа тээврийн 70 гаруй хувийг төмөр замаар тээвэрлэдэг. Тэр тусмаа цар тахлын хүнд үед агаарын болон авто тээвэр зогсонги байдалд орж ихэнх ачааг төмөр замаар тээвэрлэж байгаа юм.

Холбоотой мэдээ