Энхийг сахиулагчид тусгаарлалтаас гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-07 18:52:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс /БНӨСУ/-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн сарын 27-нд эх орондоо хүрэлцэн ирсэн юм.


Даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, НҮБ-ын болон монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнээс энэ ээлжинд ирсэн 200 орчим цэргийн алба хаагчийг УОК-ын шийдвэрээр 10 хоног тусгаарласан билээ.


Тэднийг "Багабаян" ТӨҮГ буюу "Энхийн төлөө" цогцолборт 10 хоног тусгаарлах хугацаанд коронавирусний шинжилгээнд хоёр удаа хамруулсны зэрэгцээ, өчигдөр дархлаажуулалтын 3 дахь тунд бүрэн хамруулжээ.




Энэ өдөр тусгаарлалтаас гарч, гэртээ харихын нь өмнөхөн ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг тэдэнд хандан хэлсэн үгэндээ, "Цар тахлын өнөөгийн нөхцөлд коронавирусний шинэ хувилбар зарим улс оронд дэгдсэн болохоор аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү тусгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд Та бүхэн энэхүү нөхцөл байдлыг сайтар ухамсарлан өндөр хариуцлага, сахилга баттайгаар тусгаарлалтын дэглэмийг чанд сахиж чадсанд талархал илэрхийлье. Цаашид гэрийн нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагаас дараагийн шийдвэр гарталх хугацаанд зөв боловсон, ая тухтай амрахыг зөвлөе" гэж онцолсон юм.


Ийнхүү цэргийн багийн гуравдугаар цуврааны бие бүрэлдэхүүн өнөөдөр гэр гэрийн зүг хөдөлгөөн үйлдэж, нэг жил гаруйн хугацаанд хүлээсэн хайртай бүхнийгээ зорилоо.

Холбоотой мэдээ