“Ерөнхийлөгчийн илгээлт - 2100" хөтөлбөрт дөрвөн хүүхэд хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол
Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр
нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах
“XXI зууны Монголын ирээдүй - 2100 оюутан” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Тус
хөтөлбөрт Дархан-Уул аймгаас Дархан сумын “Оюуны-Ирээдүй”
цогцолбор сургуулийн төгсөгч О.Азбилэг, Орхон сумын есдүгээр сургуулийг төгсөгч
С.Хулан, Хонгор сумын 11 дүгээр сургуулийн төгсөгч Э.Нарансолонго, Шарын гол
сумын хоёрдугаар сургуулийн төгсөгч Ц.Хувьтөгөлдөр нар шалгарч хамрагдахаар болжээ.
Тэтгэлгийн журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран
сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн,
математик болон гадаад хэлний ЭЕШ-ын онооны дунджаар тэргүүлсэн оюутан,
сурагчид тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлыг хангасан аж.
Ажлын хэсэг Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн сангаас
боловсруулан гаргасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэл,
аймгийн боловсролын газраар хянуулан баталгаажуулсны эцэст өнөөдөр эхний 428
шилдэг хүүхдийг зарлаж байна. Үлдсэн сум, хорооны хувьд эцсийн байдлаар
баталгаажуулсны дараа зарлах аж.
Тэтгэлэгт хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжинэ.
Нэгдүгээрт, төрийн өмчийн их, дээд сургуулийн БШУЯ-ны баталсан
бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл
хийнэ. Хоёрдугаарт, бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн сурагчид ЭЕШ-ын оноо,
бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилтын дүнгээр тэтгэлгийн төрлийг хуваарилах ажээ.