ДОТОГШ ЧИМЭЭЛЭХҮЙ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2021-12-13 19:28:06



Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Манан ба өнгө


Уужим хөндийд нэлмийн буусан манан дундуур алхаад орчих шиг сэтгэгдэл хамгийн эхэнд төрж билээ. Тэрхүү манан дотор нууц бий. Нууц дотор нь дахиад нууц оршино. Энэ бол уран бүтээлч, керамик барималч Н.Сүхбүрэнгийн “Манан” үзэсгэлэн. Цахим дээрээс л зургийг нь харж байсан баримлуудын тухай хэзээд дотроо төсөөлж, уран бүтээлчийг зарим нэг талаар өөртөө тодорхойлж дөнгөх ч гэлээ энэ нь ямагт дутуу мэдрэмж төрүүлсээр байдаг байв.


Харин энэ л дутуу бүхнийг “Манан” доторх үзэсгэлэнгээс гүйцээн олж авав. Гол нь үзэсгэлэнгийн танхим нэлэнхүйдээ цагаан, саарал хосолмол өнгөтэй. Мөн ихэнх баримлуудад энэ хоёр өнгө л давамгайлна. Харин үүдээр нь оров уу, үгүй юу модны үндэс эвтэйхэн зороод хийчихсэн мэт  “Гүнээс нааш ирэхүй” хэмээх бараан өнгийн баримал үзэгдэнэ. Түүний дараагаар үзэсгэлэнд ирсэн зочид цагаан саарал орчинд хөл тавих бөгөөд нууцлаг агуйн үүдээр орж, манангаар хулдсан ертөнцөд зорчих шиг болно. Нэг ёсондоо гүнээс нааш иржээ. Магадгүй гүнээс бүр гүн рүү нь ч зорчиж байж мэдэх юм.




“Манан” үзэсгэлэнд керамик барималч Н.Сүхбүрэнгийн  арав гаруй бүтээлүүд дэлгэгдсэн байна. Тэрээр 2005 онд “Дүрслэх урлагийн дээд сургууль”-ийг керамик уран бүтээлч мэргэжлээр төгссөн бол 2013 онд Солонгосын Сөүл хотын “Мёнжи” их суралцсан байжээ. Н.Сүхбүрэн нь Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Монголын урчуудын эвлэлийн шагналт барималчин юм.


Бүгдээс алсрахуй




Баримлуудын нүд аниастай талаар өмнө дурдсан. Магадгүй тэдний нүд нээгдээд эхэлбэл яах бол? гэх асуулт санаанаас огт гарсангүй. Зарим нь мэлмийгээ аньсан чигтээ харж ч байж мэднэ. Бие доторх тэр ертөнцөд шувууд жиргэж, хүмүүс сэрж, амьтад дүүлж байгаа шүү дээ. Мэлмийгээ дотогш нь нээсэн байж ч болох юм. Энэ нь мэдээж тухайн уран бүтээлийг хэрхэн мэдэрч буйгаас шалтгаалан хүн бүрийн дотор өөр, өөр мананг үүсгэнэ.


Тэгвэл тус үзэсгэлэнгийн “Дотор орших”, “Хүч оршихуй” хэмээх хоёр баримлыг жишээ болгон татаж үзье. Гэзэг нь баримлын биеийг бүхэлд ороох шиг санагдавч үнэндээ тэр нь эхийн хүй юм. Тэндээс хүүхэд төрж, алтлаг амсартай нүхээр ямар нэгэн бүүвэйн дуу эгшиглэж байх шиг... Гэтэд тэд нүдээ нээчихвэл яах вэ? Амар амгалан, бүгдээс алсрах шиг мэдрэмжийг төрүүлж байсан тус баримлууд үзэгчдэд илүү догшин төрхтэй санагдах болов уу.


Бие дотуураа сэлэхүй




Ихэвчлэн аливаа үгс, юмсын “одоо” байгаа нэршил нь грек хэлний үндсэн утгаас салаалсан байх нь олонтаа. Харин “кермик” гэдэг грек үг огтхон ч хувиралгүй энэ зуунд иржээ. Гэтэл олонх хүмүүсийн аяга таваг, шавар ваар болон энэ төрлийн материалаар зуурч хийсэн байшин барилгын ханаар л төсөөлдөг зүйлсээс керамик урлаг тэс ондоо байв. Уран бүтээлчийн гараас гарт дамжигдаж, оюун сэтгэхүйд загварчлагдсан уран зөгнөл нь бодит ахуйд биеллээ олохдоо яг л бясалгалын түвшинд сууриа олсон шиг сэтгэгдлийг баримлууд нь илтгэнэ.


Түүний “Манантай хамт”, “Дээл” зэрэг бүтээлүүдийн жинхэнэ төрх, гоо сайхан нь дотроо оршдог. Мөн баримлуудад ижилхэн заан, шувуу, нүцгэн эмэгтэй дүрслэгдсэн байх нь бий. Тэдний зарим нь биеийн гадна талд, зарим нь дотор оршино. Баримлыг дотуур нь хөндийлж, тэнд жинхэнэ ертөнцийг бүтээж өгсөн нь хүн гэдэг бодгаль өөр дотуураа сэлж яваа мэт бодол унагана. Өөр дотроо оршсон “би”-г урлана гэхээр өөрийгөө л урлаж байгаа хэрэг. Тиймээс “Манан” үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд бол уран бүтээлч Н.Сүхбүрэн юм гэх тодотгол тун эндүү болохгүй биз ээ.  


Жинхэнэ ур




Керамик урлагт ус, шороо, гал, салхи, төмөр гэх таван элемент эн тэнцүү үйлчилдэг. Уран бүтээлд эдгээрийг шингээж ашиглахдаа бүтээлч хүн ахин дахин төрж, энгийнээс энгийн төлөвт уусах бөгөөд өөрийгөө гадна талаас бус дотоод сэтгэлээсээ хайж эхэлдэг. Н.Сүхбүрэнгийн “Манан” үзэсгэлэнд яг л ийм дотогш чимээлж өөрийгөө сонсох, эрж олохыг зорьсон бүтээлүүд тавигджээ. Энэ тухайгаа уран бүтээлч “Бие хүн байх, амьд биет байх нь биднээс бус байгалийн үйл явц, цаг хугацаанаас хамааран үүсэн бий болдог шигээ биднээс үл хамааран эргээд байгальд уусан шингэдэг. Миний дотор руу, таны дотор руу өнгийн харвал бид бүгд адилхан. Хүн бүрийн амар амгалан, эрх чөлөө гадна бус дотроо оршдог” хэмээн тодорхойлсон байна.


Түүний бүтээлүүдээс хүний дотоод мөн чанар, амар амгалан мэдрэгддэг. Ерөөс уран бүтээл гэдэг хүний дотоод хүнийг нээн харуулдаг. Энэ чанар нь түүний “Хүч оршихуй”, “Дээл”, “Чулуу салхинд үл итгэхүй”, “Цаст хатан” зэрэг бүтээлүүдээс тодхон үзэгдэнэ. Монголчууд уул ус, байгаль дэлхийтэйгээ илүү ойр сүлэлдсэн ард түмэн. Тиймдээ ч “Манан” үзэсгэлэнгийн бүтээлүүд салхи, усны чимээ, голын булан тохой мушгирах шиг хэлбэрүүдийг өөртөө агуулсан байдаг. Заримдаа баримлын дээл хормойд цоорхой үүсгэж, бие дотор нь нээсэн хөндий зайцаар салхи хүүгэх сонстоно.




Бүтээлүүдийн өөр нэг амин сүнс нь дотогш өнгийх юм. Түүний баримлууд, керамик ажлуудынх нь дүр бүхэн нүдээ аньсан, амар амгалан төрхтэй. Би дотуур нь бурхад, сахиусан тэнгэрээс нисэлдэж, тэндээс эхийн хүйтэйгээ холбоотой бяцхан хүүхдүүд мэндэлж байгаа нь үзэгдэнэ. Дээр нь амар амгалангаас гадна ус, салхи, үүлсийн биелэл болсон дүрүүд нь ихэвчлэн монгол үндэсний хувцастай байх нь бий. Энэ нь хүн байгалийн холбоог үндэсний зан заншил, хувцас загварын хэлбэрээр хооронд нь холбож өгсөн мэт. Тийм л нандин ур, өөр өөрийн цаг хугацаанд оршиж буй дүрүүд Н.Сүхбүрэнгийн уран бүтээлийг онцгой болгодог билээ.

 

Гэрэл зургийг | Б.Чадраабал

Холбоотой мэдээ