Туркэд 6000 орчим хүнийг баривчлаад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-18 12:01:12

ИСТАНБУЛ. /Anadolu/. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн шөнө цэргийн эргэлт хийхийг оролдсонтой холбогдуулан 6000 орчим хүнийг баривчлаад байна гэж Туркийн Хуульзүйн сайд Бекир Боздаг мэдэгдлээ.

Үүний өмнөхөн Туркийн Засгийн газар мэдэгдэхдээ “3000 орчим армийн албан хаагчийг баривчилсан бөгөөд цэргийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан гэгдэж буй Фетулла Гуллентэй холбоотой гэх 2750 шүүгчийг баривчлахыг ерөнхий прокурор тушаасан” гэж байсан юм.

Цэргийн эргэлт хийх оролдлогод оролцсон хүмүүсийг “хатуу шийтгэх болно” гэж сайд Боздаг хэлжээ.

Цэргийн эргэлт хийх оролдлогыг АНУ-д байгаа шашны номлогч Фетулла Гулленыг дагалдагчид зохион байгуулсан гэж Туркийн эрх баригчид үзэж байгаа юм. Түүнийг Турк дэх дагалдагчдадаа хандан засгийн газрыг түлхэн унагаахыг уриалж байсан гэж буруушааж байна.

Гулленыг шилжүүлэн өгөхийг АНУ-аас Боздаг мөн шаарджээ. Үүнээс өмнө түүнийг шилжүүлэн өгөхийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган шаардсан юм.

Цэргийн эргэлт хийхийг оролдох явцад 161 хүн, тэдний дотор энгийн иргэд болон цагдаагийн алба хаагчид амь үрэгджээ. Мөн Туркийн арми мэдэгдэхдээ “цэргийн эргэлт хийхээр оролдсон 104 цэргийг устгасан” гэлээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ