“Цогт-Овоогийн улаан” ямааг омог болгон баталгаажуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-01-02 11:58:10
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын улаан ямааг омог болгон баталгаажуулжээ.
Уг ямааг 1980-аад оноос хойш ялган суурилалтын ажлыг эхлүүлж, 2000-аад оны дунд үеэс судалгааны ажлыг эхлүүлсэн ажээ. “Цогт-Овоогийн улаан” омгийн ямааны судалгааны ажлыг эхлүүлж нөр их хөдөлмөрөө зориулсан мал зүйч Л.Пунсанцогвоо агсан, Улсын аварга малчин Ч.Бямбаа агсан нар байсныг тус сумын удирдлагууд онцолсон юм. Мөн судалгааны ажлыг удирдан зохион байгуулсан ХАА-н ухааны доктор Г.Сувдаа, ямаа судлаач доктор агсан Д.Дөнгө, Төрийн соёрхолт Мал зүйч Б.Мандах нарын ажлын үр дүнд ийнхүү Цогт-Овоо сумын улаан ямаа омог болжээ.
Тус суманд байгаа ноолуурын чиглэлийн улаан ямааг малчдын мал маллагааны арга туршлагад суурилан шинжлэх ухааны үндэслэлтэй сонгон үржүүлсэн байна. Энэхүү омгийн ямаа нь говийн бүсэд дасан зохицсон, чийрэг биетэй, тэсвэр хатуужилтай, өвчин даах чадвартай бөгөөд ноолуурын гарц, мах нь чанартэй юм.
Холбоотой мэдээ