Цахим болон танхимын сургалтад 1600 гаруй сурагчийг хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Эрдэнэмандал ахлах сургууль "Цэвэр агаар бидний ирээдүй" сэдэвт аяныг амжилттай өрнүүлж, дүнгээ гаргажээ.
"Уур амьсгалын өөрчлөлт - Агаарын бохирдлыг бууруулахад бидний оролцоо" уриан дор өрнүүлсэн тус аяны хүрээнд Тогтвортой хөгжлийн бодлого, Уур амьсгалын өөрчлөлт, Агаарын бохирдол сэдвээр иргэдэд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсан байна. Танхим болон цахимын 10 удаагийн сургалтад Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын Эрдэнэмандал, Эрдэм, Номгон, Номундалай, Алгоритм, Соого-сейко, сумдын сургуулийн 6-12 дугаар ангийн 1606 сурагч, нийт 1708 хүн хамрагджээ.
Мөн аяны хүрээнд сурагчдын дунд “Цэвэр агаар бидний ирээдүй” эсээ бичлэгийн уралдааныг зохион явуулж, 84 сурагч бүтээлээ ирүүлснээс Номгон сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Отгонжаргал түрүүлж, "Цахим контент” уралдаанд ирүүлсэн 48 бүтээлээс Эрдэнэмандал сургуулийн 10 дугаар ангийн сурагч А.Баясгалан тэргүүлсэн байна. Харин багш нарын цахим хичээл уралдаанд ирсэн Эрдэнэмандал сургуулийн багш З.Орхончимэг түрүүлжээ.
Аяны хүрээнд аймгийн төв, сумын төвд амьдардаг 411 иргэнээс судалгаа авахад хамрагдсан иргэдийн 40 гаруй хувь нь "Агаарын бохирдол их байна" гэсэн боловч түүнээс хэрхэн сэргийлэх, бууруулах талаар мэдээлэл бага байжээ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд хүн бүр өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжтойг аяны зохион байгуулагчид хэлж байна.
Тодруулбал, Гэр болон албан тасалгаа, анги танхимдаа цэцэг, ургамал ногоог тарих, ил задгай гал түлэхгүй, хуванцар сав хог хаягдлыг шатаахгүй байх, түүхий нүүрс түлэхээс татгалзах, уурын зуухнуудад шүүлтүүр байрлуулах, гэр хорооллын айлуудад “Гэр дулаалга, халаалтын багц” - ыг хэрэглүүлэх, унадаг дугуй болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, эрчим хүчээ хэмнэх, нарны зайг хэрэглэх, хогоо ангилан хогийн саванд хийх нь агаар орчны бохирдлыг бууруулах алхам болох юм байна.

