Монгол Улсын хилээр давхардсан тоогоор 643.4 мянган зорчигч нэвтэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-17 13:12:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын хилээр 2021 оны жилийн эцэст 643.4 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оныхоос 672.7 (51.1 хувь) мянгаар цөөрсөн үзүүлэлт юм.


Улсын хилээр өнгөрсөн онд 323.3 мянган зорчигч орсон байна. Зорчигчдын 24.7 хувь нь Гашуунсухайт, 16.4 хувь нь Замын-Yүд, 12.1 хувь нь Шивээхүрэн, 5.7 хувь нь Буянт-Ухаа, 5.2 хувь нь Алтанбулаг, 35.9 хувь нь бусад боомтоор нэвтэрчээ. Мөн тэдний 284.1 (87.9 хувь) мянга нь Монгол Улсын иргэн, 39.2 (12.1 хувь) мянга нь гадаад улсын иргэн байв.


Түүнчлэн, хилээр 2021 онд гадаадын 39.2 мянган хүн нэвтэрсэн нь өмнөх оныхоос 27.7(41.4 хувь) мянгаар багассан байна. Тэдний 83.3 хувь нь 30 хүртэл хоног, 2.7 хувь нь 30-90 хүртэл хоног, 14 хувь нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар иржээ.


Хилээр орсон гадаадын зорчигчдын 6.1 (15.6 хувь) мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор, харин 33.1 (84.4 хувь) мянга нь аялал жуулчлалын зорилгоор ирсэн аж. Аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оныхоос 25.8 (43.8 хувь) мянгаар цөөрсөн байна. Өмнөх оныхоос БНХАУ-ын жуулчид 7 750 (57.4 хувь), ОХУ-ынх 17110 (57.7 хувь), БНСУ-ынх 2748 (54.3 хувь), Япон Улсынх 754 (66.7 хувь) хүнээр тус тус багасжээ.


Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн 254.4 (90.2 хувь) мянга нь эр, 27.8 (9.8 хувь) мянга нь эмэгтэйчүүд, 276.8 мянга (98.1 хувь) нь насанд хүрсэн иргэн, 5.4 мянга (1.9 хувь) нь хүүхэд байв. Тэдний 262.6 (93 хувь) мянга нь 30 хүртэл, 2.3 мянга (0.8 хувь) нь 30-90 хүртэл хоног, 17.3 (6.2 хувь) мянга нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар явжээ.


Улсын хилээр 2021 онд 1 404.2 (давхардсан тоогоор) мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь өмнөх оныхоос 354.2 (20.1 хувь) мянгаар багаслаа. Тэдгээрийн 66.6 хувийг ачааны вагон, 31.4 хувийг ачааны, 0.1 хувийг суудлын машин, 1.9 хувийг бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна.


Нийт тээврийн хэрэгслийн 56.3 хувь нь Замын-Yүд, 11.4 хувь нь Гашуунсухайт, 16.0 хувь нь Сүхбаатар, 5.5 хувь нь Шивээхүрэн, 1.8 хувь нь Алтанбулаг, 9 хувь нь бусад боомтоор нэвтэрсэн аж. 

Холбоотой мэдээ