Хөнгөлөлттэй зээл олголтоор экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог бий болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-17 13:38:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөгжлийн банкнаас уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог бий болгож буй талаар мэдэгдэж байна. Тодруулбал, экспорт хийх ААН-үүд түүхий эд бэлтгэх, худалдан авахад зориулан тусгай санхүүжилтийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх аж. Энэ чиглэлээр төрийн өмчит болон хувийн хэвшлийн компани, ААН-үүдийг нэгтгэдэг МҮХАҮТ-тай хамтран уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийг олгох сонгон шалгаруулалт явуулж байх хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.  




Танхимаас тус санхүүжилттэй холбоотой судалгаа шинжилгээг гаргаж шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллахын зэрэгцээ уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр хурал, уулзалт, арга хэмжээ зохион байгуулах юм.

Уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр өнгөрсөн хугацаанд дорвитой санхүүжилтийн механизмыг бүрдүүлж чадаагүй өдий хүрсэн. Сүүлийн 30 жилд бүрдээгүй байсан экспортыг дэмжих санхүүгийн тогтолцоо анх удаа бий болж, экспортлогч компаниудад хөнгөлттэй зээл олгох юм. Ингэснээр экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ нэмэгдэх, эдийн засаг тэлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтойг хоёр тал онцолж байна.




Засгийн газраас хэрэгжүүлэх уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр болон төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдүүлэх Санамж бичгийг Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар өнөөдөр гарын үсэг зурж байгууллаа.

 

 

Холбоотой мэдээ