"Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал" үзэсгэлэнг нээлээ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2022-01-19 15:40:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал" үзэсгэлэнг өнөөдөр Богд хааны ордон музейд нээлээ. Уг үзэсгэлэнг "Мандчирын наран" ТББ-аас санаачлан Богд хааны ордон музейтэй хамтран 4 дэх удаагаа зохион байгуулж буй юм.

 

Үзэсгэлэнг нээж Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар хэлэхдээ,Монгол уран хатгамал XX зууны эхэн үед урлагийн бүтээлийн хэмжээнд хөгжсөн нь Богд хаан, Дондогдулам хатантай салшгүй холбоотой. Бүгд ерөнхийлөн захирах сайд Т.Намнансүрэнгийн тушаалаар 1913 оны 7 дугаар сард Эх дагина Дондогдуламд 100 лан мөнгөн шагналаар өргөл барьж, Богдын ордны дэргэдэх Сангай аймгийн уран хатгамалч, барималчин, дархан, гуталчин зэрэг 120 орчим урлаачийн хэргийг хариуцуулсан тухай түүхэн сурвалжид тэмдэглэсэн байдаг. Хааны ордны урчуудын хосгүй нандин бүтээлийг өнөө цагийн уран үйлчдийнхтэй харьцуулан харах боломжийг энэхүү үзэсгэлэн олгож байна” хэмээн онцлов.

 

Үзэсгэлэнгээс XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн зээгт наамал, таван өнгийн утастай зоосон ширээний сүлжмэл бүхий дамрын манжлага гэх мэт хааны ордны уран нарийн хийцтэй бүтээлүүдийг үзэх боломжтой. Үзэсгэлэнгийн хойморт энэ удаа ардын зураач Ү.Ядамсүрэнгийн эх зургаар, гэргий Я.Люня нь урласан зээгт наамал бурхдыг байрлуулжээ.


 Түүнчлэн шижир алт, шүр оюугаар чимж, зүү ороож хатгамалласан “Алтан соёмбо”, 2020 онд Франц улсад зохион байгуулсан олон улсын урлаачдын цахим наадмаас мөнгөн медаль хүртсэн “Хөөрөгний даалин”, Оюуны өмчийн гэрчилгээтэй “Сүлжээсэн бичлэг” зэрэг дахин давтагдашгүй бүтээлүүдийг дэлгэжээ. Үзэсгэлэнгийн бас нэг чимэг нь уран хатгамалч Б.Бурмаа өөрийн гаргасан загвараар захиалан хийлгэж, оюуны өмчийн гэрчилгээ авсан тэлэгч бүхий хатгамлын ширээ юм.

 

Уран хатгамалч С.Цэрэнлхам, "Энэ удаагийн үзэсгэлэнд дамрын даржин, тамхины уут, эмэгтэй хавтага зэрэг бүтээлээрээ оролцож байна.  Дээр үеэс шашны эд зүйлсэд зүү ороох хатгамал хадгалагдаж үлдсэн эд зүйлийн нэг нь дамрын даржин юм. Энгийн даржингаас гадна тэнгэрийн таван өнгөтэй, доторлогоотой, найман тахилтай даржинг хэргэм зэрэгтэй лам нар зэрэг зиндаагаараа хэрэглэдэг байсан. Гаанс, тамхины уутны хувьд дээр үеийн загваруудыг сэргээж, тохирох хээг нь тавьж урласан” хэмээн ярилаа.

 

Дорноговь аймгийн уран хатгамалч Н.Нарантуяа, “Францад төвтэй олон улсын ахмадын холбооноос урлаачдын наадмыг 2020-2021 онд цахимаар зохион байгуулсан. Тус уралдаанд хөөрөгний даалин, хавтгаар оролцож “Өнгө зохицлын гайхамшиг” төрөлд хоёрдугаар байрт шалгарсан. Энэ удаагийн үзэсгэлэнд энэхүү бүтээлээрээ оролцож байна. Зүү ороох хатгамал бол маш бат бөх байдаг. Манайд 30-аад төрлийн хатгамал бий. Зүү ороох хатгамал маш бөх учраас тухайн оёсон эдлэл буюу торго, даавуу нь сэмрэхэд оёдол нь оёостойгоороо үлддэгээрээ онцлогтой. Хоёр өнгийн утасны давхар зүү ороох оёдол, сүлжмэл хээт зүү ороолтыг миний урласан энэхүү, даалин, хавтгаас үзэж болно” гэв.


Үзэсгэлэнгийн эдгээр бүтээлийг дотор нь шалгаруулж "Хаан бүтээл", "Хатан бүтээл"-ийн эздийг  энэ сарын 28-нд тодруулах юм. Тус үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал Богд хааны ордон музейд үргэлжилнэ.



Холбоотой мэдээ