Олон Улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн Гран при шагналын эзнээр тодорсон А.Очирболд шагналаа гардав

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2022-01-21 14:49:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-д жил бүр зохион байгуулдаг НордАрт-Олон Улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн Гран при шагналын эзнээр тодорсон уран бүтээлч А.Очирболдод ГХ-ны сайд Б.Батцэцэг шагналыг нь гардууллаа.

 

НордАртын 2019 оны тэргүүн Гран при шагналын эзнээр Монгол Улсын УГЗ, уран барималч А.Очирболд “Дэгэрэ” бүтээлээр шалгарсан юм. Шагналыг 2020 оны нээлтийн ажиллагааны үеэр албан ёсоор гардуулах байсан боловч КОВИД-19 цар тахлаас үүссэн аяллын хязгаарлалт, хөл хорионы улмаас зохион байгуулах боломжгүй болон хойшлогджээ. Улмаар НордАрт-2021 үзэсгэлэнгийн сүүлийн долоо хоногт НордАртаас түүний шагналыг ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч, албан ёсны хамтын ажиллагааны түнш О.Оюунтуяа төлөөлөн хүндэтгэлтэйгээр гардан авчээ.

 

2015 оноос хойш НордАртад тасралтгүй оролцогч, өөрийн бүтээлийн илэрхийлэх хэлбэрээрээ үргэлж гайхагддаг уран бүтээлч А.Очирболдод Күнствэрк Карлсүттегийн хост, ноён Ханс-Юлийус, хатагтай Иоханна Алманн нар хүндэтгэл илэрхийлэн энэхүү тэргүүн шагналын 10.000 еврог хандивлан санхүүжүүлж байгаа юм.

 

Уран бүтээлч А.Очирболд НордАрт 2015 онд Монгол Улс Онцлох орноор бие даасан павильон зохион байгуулахад уран баримлуудаараа оролцсоноор Европ дахь гараагаа эхэлжээ. Тэр үеэс хойш тэрбээр НордАртын элч уран бүтээлчээр дэлхийн өнцөг булан бүрд аялан бүтээлээ толилуулж байгаа аж.

А.Очирболдын "Дэгэрэ" уран баримлын инстоляцийг 2019 онд НордАртын уран баримлын цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд болон НордАрт 2021 онд Карлсхүттегийн үзэсгэлэнгийн танхимд толилуулжээ.

 

2014 онд Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улс ба НордАрт-ын тогтвортой хамтын ажиллагаа эхэлжээ. 2015 оноос Монгол Улсын павильоны ерөнхий зохион байгуулагчаар Соёл, урлаг, хэвлэл, мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ, Монгол Улсын Соёлын Элч, Монголын павильоны куратор О.Оюунтуяа, куратор Ж.Бодьбаатар нар, албан ёсны түншээр Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, ХБНГУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам, хамтын ажиллагааны түншээр тухайн үеийн Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам хамтран ажилласаар ирсэн. Өнөөдрийн байдлаар НордАрт үзэсгэлэнд нийт 88 монгол уран бүтээлчийн 255 гаруй бүтээлийг толилуулаад байна.

НордАрт 2022-д Тусгай төслийн хүрээнд Монголын павильон 4 дэх удаагаа зохион байгуулах юм.




Холбоотой мэдээ