Францад гадаа талбайд амны хаалт зүүх журмыг цуцална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-01-21 17:06:02

ПАРИС. /Anadolu/. Францад гадаа талбайд амны хаалт зүүх журмыг цуцалж, олон нийтийн газруудад вакцины паспортын хэрэглээг нэвтрүүлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Жан Кастекс пүрэв гарагт телевизээр үг хэлэх үеэрээ мэдэгджээ.


Үндсэн хуулийн зөвлөл холбогдох шийдвэрийг гаргавал вакцины паспортын журам даваа гаргаас хэрэгжиж эхэлнэ гэж тэрбээр хэлжээ. Парламентын баталсан вакцины паспортын тухай хуулийн төслийг одоо шүүхийн зөвлөл нарийвчлан хянаж байгаа юм.


Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр 16 болон түүнээс дээш насны иргэн бүр зоогийн газар, кафе, кинотеатр, спортын төв, музейгээр үйлчлүүлэх, мөн холын зайн нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо вакцинд бүрэн хамрагдсанаа нотлох шаардлагатай болно. Үүнтэй зэрэгцэн вакцинд хамрагдаагүй хүмүүст шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлахыг зөвшөөрдөг эрүүл мэндийн гэрчилгээний журам хүчингүй болох юм.


COVID-19”-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо буурвал вакцины паспортын журмыг хэрэгжүүлэхээ түр зогсооно гэж Ж.Кастекс мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, цар тахлын үр дагавар харьцангуй багасаж, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэгсдийн тоо буурч байгаа тул францчууд ирэх хоёрдугаар сарын 2-ноос эхлэн гадаа талбайд амны хаалтгүйгээр чөлөөтэй амьсгалах боломжтой болно.


Халдварын энэ удаагийн давлагаа дуусаагүй байгаа ч нөхцөл байдал нааштай болж эхэлж байгааг Ерөнхий сайд онцлон хэлжээ. Хэдийгээр өдөрт илрэх халдварын шинэ тохиолдлын тоо өндөр хэвээр байгаа нь пүрэв гарагт 425 183 тохиолдол илэрснээс харагдаж байгаа ч тэрбээр одоогийн давлагаа намжиж байна гэжээ. Францад нэгдүгээр сарын 24-нөөс эхлэн 12-17 насныхныг вакцины нэмэлт тунд хамруулж эхлэх ажээ. 

Холбоотой мэдээ